Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса ирэх наймдугаар сард болох БРИКС-ийн чуулга уулзалтын үеэр Путиныг баривчлах асуудлаар байр сууриа илэрхийлснийг өчигдөр "News24" нийтлэв.
Тэрбээр БРИКС-ийн чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах нь Оростой дайн зарласан үйдэл болно гэж тайлбарлажээ. Сирил Рамафоса цаашлаад ийм үйлдлийг "боломжгүй", "Үндсэн хууль зөрчсөн" гэж нэрлээд, Путиныг баривчлах Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн эсрэг маргасан байна.
Тэрбээр "Ерөнхийлөгч Путиныг баривчлах замаар Оростой дайн зарлах нь засгийн газарт олгосон эрх мэдлээ увайгүй ашиглаж, үндсэн хууль зөрчсөн, хууль бус хэрэг болно. Оростой дайтах эрсдэлтэй үүсгэх нь манай Үндсэн хуульд нийцэхгүй. Би бүгд найрамдах улсын үндэсний бүрэн эрхт байдал, энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, бүгд найрамдах улсын ард түмний амьдрах, аюулгүй байдлыг хангах эрхийг хүндэтгэх, хамгаалах, сурталчлах, биелүүлэх үндсэн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагатай" гэжээ.
Сирил Рамафоса эхлээд энэ мэдэгдлийг нийтлэхгүй хүссэн. Гэвч долдугаар сарын 18-нд шүүх Путиныг баривчлах тушаалын талаар Олон улсын эрүүгийн шүүхтэй харьцсан харилцааг нууцлах үүднээс мэдүүлгийг битүүмжлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.
Путин ирэх сард болох БРИКС-ийн чуулга уулзалтад оролцох эсэхийг Кремль долдугаар сарын 16-ны байдлаар мэдээлээгүй хэвээр байна. Өмнө нь Өмнөд Африкийн талаас БРИКС-ийн чуулганыг Хятад руу шилжүүлэх хүсэлт тавьсан ч гишүүн орнууд зөвшөөрөөгүй. Мөн Путины оронд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровыг ирүүлэх хүсэлтийг ч тавьсан юм.
Олон улсын эрүүгийн шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Путин болон ОХУ-ын хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн зөвлөх Мария Львова-Белова нарыг Украины хүүхдийн эрхийг зөрчсөн хэргээр баривчлах тушаал гаргасан. Ромын дүрмийг соёрхон баталсны дагуу Өмнөд Африк нь гишүүн орны хувиар Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан шийдвэр, тушаалыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ