Сурвалжлага: Ус түгээе , урлаг түгээе, гэрэл түгээе

Хуучирсан мэдээ: 2023.07.19-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Ус түгээе , урлаг түгээе, гэрэл түгээе

Сурвалжлага: Ус түгээе , урлаг түгээе, гэрэл түгээе

Ус түгээх байрны ханан дээр "амилсан" Ами Тамигаас эхлээд Бумбардай хүүгийн эгдүүтэй дүр төрх, үзэсгэлэнт байгаль хүүхэд багачуудын төдийгүй томчуудын ч анхаарлыг татна. Энэ бол гэр хорооллын худгийн хуучинсаг байдлыг халж, гаднах байдлыг нь уран зурагтай холбосон нийгэмд гэрэл асаасан залуу уран бүтээлч А.Сонинбаярын “Ус түгээх цэгийг урлаг түгээх цэг болгое” төслийн үр дүн юм.

Соёл урлагийн их сургуулийн уран зургийн ангийг төгссөн зураач мэргэжилтэй тэрбээр урлагийг бүх хүмүүст түгээх, урлагийн боловсролыг эрх тэгш түгээх зорилготой нэгэн. Сүүлийн дөрвөн жилд ханын зураг буюу MURAL арт чиглэлээр дагнан бүтээлээ хийж байгаа бөгөөд ханын зургийн давуу талыг ашиглан хүмүүст эерэг хандлагыг төрүүлэх хүсэлтэй байгаагаа биднийг сурвалжлага хийх үеэр онцоллоо.

Тэрбээр энэ тухайгаа “Ус түгээх цэгийг урлаг түгээх цэг болгое” гэх төслийг гэр хороололд хэрэгжүүлж байгаа. Өнгө үзэмж муутай худагнуудын гаднах үзэмжийг гоё болгох, дамжуулаад урлагийн боловсролыг хүмүүст, тэр дундаа хүүхэд багачууддаа олгоё гэсэн  зорилготой эхлүүлсэн. Энэхүү ажил маань хоёр дах жилдээ үргэлжилж байна. Алсдаа бид бүхэн 21 аймаг болон Улаанбаатар хотод байгаа 300 гаруй худагнуудын өнгө үзэмжийг нь сайжруулах ажлуудыг хийхээр төлөвлөсөн.

Худган дээр зурсан  зурагны хувьд  зүгээр нэг зураг зураад өнгөрөх биш хүмүүст ямар нэгэн мессеж өгөх зорилготой. Хамгийн наад зах нь  байгаль эхээ хайрлах, усаа гамнах, мод тарих, зэрлэг ан амьтнаа хайрлах, монгол бичиг, эх хэлнийхээ дархлааг сайжруулах гэх мэт агуулгуудыг багтааснаараа онцлог юм. Мөн монгол контентуудаа дэмжин ажиллахыг эрмэлзэж Ами Тами, Бумбардай, Мөнх Тунх гэх контентуудыг сонгосон. Бусад хүмүүсийн хувьд ганц нэг зураг зурчихсан харагдаж байгаа байх л даа. Уран бүтээлч хүнийхээ  хувьд олон үе шат дамжлагаар зурагддаг асар их хөдөлмөр ордог гэдгийг бас хэлмээр  байна.

Хүн нэг зүйлээ олон дахин харснаараа тухайн хүний далд ухамсарт шууд  суучихдаг.  Нэг ёсны дадал хэвшил болгож байгаа гэх юм уу даа. Дараа нь  усаа аваад зогсож байхдаа усаа хайрлах, хэмнэх зураг харснаараа тухайн хүүхэд усаа гадуур нь асгахгүй байхаас эхлүүлээд бага багаар өөрчлөгддөг. Урлаг хүмүүсийг өөрөөр нь хүмүүжүүлдэг, ухамсартай болгодгоороо  маш том давуу талтай.

Намайг худаг түгээх байрны гаднах зургийг зурж байхад хүүхдүүд маш их сонирхож ирж байсан. “Ах аа ямар гоё болж байна аа, энэ зураг ямар гоё юм бэ” гэх мэтчилэн яг бодож байгаа зүйлээ шууд хэлчихдэг нь их хөөрхөн шүү. Зарим нь бүр манай худгийг ийм гоё болгож байгаад баярлалаа гэж хэлээд ус ундаа бариад гүйгээд ирдэг. Надад тэдгээр хүүхдүүд маш гэгээлэг санагдсан. тус орчмын оршин суугчид хүртэл муухай болгохгүй юмсан гээд хайрлаж байгаа нь бас их урамтай. Зураг зурж байгаа хугацаанд эерэг сэтгэгдлүүд их ирж байсан тухай ч тэрбээр ярилаа.

Би хоёр хүүтэй. Эцэг хүний хувьд хүүхдүүдийн минь амьдарч буй  нийгэм сөрөг байж болохгүй учраас үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө уран бүтээлч хүний хувьд нийгэмд хийж буй том ажил гэж боддог. Эхэндээ худган дээр зураг зураад сууж байхдаа санаа зовдог байсан. Гэхдээ хүмүүст эерэгээр нөлөөлж эхлэхэд улам илүү урам зориг авч илүү олон хүмүүст хүргэхийг зорьж эхэлсэн.

Миний хувьд зурагны ид шидийг би өөрийн биеэр мэдэрсэн . Манай хүү хэдэн жилийн өмнө өвдөхөд Эх нялхсын хүүхдийн  тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тэр үед ханан дээр нэг зураг зурчихсан байсан. Мэргэжлийн хүний хувьд жаахан дутуу санагдсан. Гэхдээ тэр зургийг хүүхэд маань хараад өвчнөө түр ч гэсэн мартаад тэр зургийн талаар надтай ярилцсан.  Би бодохдоо “Би чинь энийг хийж чаддаг хүн шүү дээ. Яагаад би эдгээр хүүхдүүдийг өвчин зовлонгоос нь жаахан ч гэсэн мартуулж болно шүү дээ ” гэх бодол төрж байсан. Тийм учраас нондин жил Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн тасагт залуу зураачдаа уриалж байгаад сайн үйлсийн аян эхлүүлж ханан дээр нь зураг зурсан. Тэр зургуудыг харсан хүүхдүүд хэсэг хугацаанд ч гэсэн өвчнөө мартаж чадсан байх. Хүүхэд баярлуулах гэдэг ойлголт зөвхөн зургаан сарын 1-нд аль эсвэл баяр наадмын үеэр хэдэн бэлэг тараагаад өнгөрөх нь өөрөө явцуу ойлголт гэж боддог.  Цаашдаа ч хүүхдэд зориулсан олон олон бүтээл туурвих бодолтой байгаа.

Аливаа зүйлийн анхдагч байж ямар нэгэн шинэ зүйлийг хийж эхлэхэд саад бэрхшээл зөндөө гарч байсан. Хүн хүч, мөнгө санхүүгээс эхлээд. Манай аймгийн хувьд намайг дэмжиж, орон нутгаа сайн сайхан болгох тал дээр анхаарч ажиллаж байгаад баяртай байгаа.

Худаг төслөөс гадна миний хувьд Улаанбаатар хотын ханын зураг, Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор, Завхан гэх мэт аймгуудад бас ханын зураг зурсан. Энэ ажлын тухайд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр түлхүү ажиллаж урам өгөх бүхий агуулгатай зургуудыг зурж хүмүүст хүргэх зорилготой.

Харин гол баримталж байгаа зүйл маань чанар. Нэг хоёрхон жил аргацаасан зүйл  хийгээд өнгөрөх бус цас бороо, салхи шуурганд элэгддэггүй зүйл хийхийн тулд хамгийн сайн гэсэн материал ашиглаж эдгээр зургуудаа зурдаг. Сайн материалаар гоё утга санаатай нийгэмд хүрсэн зүйл хийхийг зорьдог.

Зарим үед далий муруй ханатай худагтай хүртэл таарч байсан. Далий хэвээр нь зурна гэж миний хувьд төсөөлөгдөхгүй л дээ. Тэгээд би өөрөө ханыг нь ёотон шиг засаж янзлаад  зургаа зурж байсан үе ч бий.

Надтай хамтарч ажилладаг Э.Ганзориг зураач маань  олон зургуудын ард гарсан. Бид хоёрын хувьд ямарваа нэгэн зүйлийг хийхдээ өөрсдийнхөө бүх сэтгэл зүрхээ гаргаж хүмүүст эерэг мессежүүдийг өгөхийг эрмэлздэг. Жишээ нь, хүчирхийллийн эсрэг,  жолооч нарыг аюулгүй зорчихыг уриалах гэх мэт олон зүйлд хүмүүст зориулсан эерэг мессежүүдийг энэхүү урлагаар дамжуулан хүргэх боломжтой. Юу хийх вэ, яаж зохиомжилж зурах вэ , яаж хийвэл хүмүүст илүү гоё харагдах вэ энэ бүгдийг тооцоолохоос бидний ажил эхэлдэг. Энэ завшааныг ашиглаад баг хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.

-Санаагаа анх хаанаас олсон бэ?

Энэ санааг аавтайгаа хамт гаргаж байсан. Манай аав намайг урлагт дурлуулж, урлагтай холбож зураач болгосон. Аав маань өөрөө гоё хандлагатай миний бүх зүйлийг дэмждэг болохоороо анх санаагаа яриад ааваасаа зөвлөгөө авч анхны төслөө эхлүүлж байсан. Аавтайгаа хамт эхлүүлж байсан болоод ч тэр үү,  маш их бэлгэшээж хүлээж авдаг. Утга агуулга, бэлгэдэл, хүнд хүрч байгаа хүрээллийн хувьд ч маш том зүйл хийж байгаа болохоор өөрөөрөө бас бахархаж байгаа. Бидний үр хойч монгол сэтгэхүйтэй, соёлын дархлаатай, оюуны дархлаатай байвал гоё шүү дээ.

“Манай худаг ямар байлаа, одоо ийм гоё болсон”гэх бяцхан багачууд өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Өмнөговь аймаг Дундсайхан сум: Ш.ЧИНХҮСЛЭН

-Манай эндхийн худаг анх муухай байсан. Өмнө зүгээр ус аваад өнгөрдөг байсан бол одоо усаа авахдаа ханан дээрх зургийг  хараад маш гоё мэдрэмж төрдөг болсон. Зурагны тухайд газрын зураг, уул бас болжмор гэх мэт зургууд зурагдсан нь надад сонирхолтой санагдсан шүү.

Өмнөговь аймаг Дундсайхан сум: Н.МИШЭЭЛ

-Өмнөх худаг тийм гоё  байгаагүй.  Зурагтай худгийг анх харахад өнгө өнгөөр будсан, тэгсэн хэрнээ олон зурагтай байсан болохоор зургийн ном шиг харагдсан. Зурсан зураг нь яг л бодит юм шиг мэдрэмж өгсөн. Заримдаа би найзуудтайгааа усаа авангаа эдгээр зурагнуудын  тухай яриа өрнүүлдэг. Зүгээр ч нэг ус яваад өнгөрөх биш зурсан зураг, өнгөний зохицол гэх мэт зүйлсийн талаар ярилцдаг.

Өмнөговь аймгийн "Гүний ус" ХХК цахим ус түгээх байрны оператор О.Тэмүжинтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Энэхүү хөтөлбөр нь 2022 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн. Цаашлаад  2024 он хүртэлх хэрэгжүүлэх зорилготой байна. Манай аймгийн хувьд гэр хорооллын 49 ус түгээх байртай. 2022 онд дөрвөн худаг, энэ жилийн хувьд мөн адил 4 худгийн гаднах ханыг нь зурж дуусгасан . Энэ төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлээд ус түгээх ойр орчмын орчин нөхцөл нь сайжирч айл өрхүүд, хүүхэд багачуудад ч  чанар стандартад нийцсэн  ажил болсон гэж дүгнэж байгаа. Бидний зүгээс иргэдийн ус авах  орчин нөхцөл нь сайжирч байгаад маш их баяртай байна. Зураг болгон нь ганцхан хүүхдүүдэд ч гэлтгүй том хүний ч анхаарлыг татахуйц эерэг хандлага түгээж байгаад талархаад баршгүй. Цаашдаа ч энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжих тал дээр дэмжиж ажиллах болно.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж