Хамар дор нь Сэлбэ голын эрэг дагуулаад 20, 30 давхар орон сууц барьж эхлэхэд зогсоох арга хэмжээ огт аваагүй атлаа бороо орж, 140 гаруй барилга усанд автсаны дараа хотын удирдлагууд сая нэг сэхээ авч, “Буулгана, нураана” гэж омогдов. Барьж эхлэхэд нь хууль зөрчиж буйг нь сануулаад тэмцэл өрнүүлж, зогсоосон бол өнөөдөр тэр их барилга байшин усанд автаж, аж ахуй нэгж, иргэд хэдэн зуун сая төгрөгийн хохирол амсах байсан гэж үү. Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөстөх тохиолдол олонтаа ч Улаанбаатар хотод орсон бороо бол байгалийн онц аюултай үзэгдэл гэхээс илүү бүхнийг мөнгөөр шийдэн, хууль зөрчиж ирснээс үүдэлтэй гэж хэлэхэд үнэнээс зөрөхгүй.
Орон байр, авто машинаа усанд автуулж, бизнесгүй болсон иргэдийн хувьд газар хатуу, тэнгэр хол хэцүүхэн өдрүүд үргэлжилж байна, аргагүй. Хоёр өдрийн бороонд эрхлэх бизнес ч үгүй, амьдрах орон гэр ч үгүй болсон иргэн бий. Банкнаас авсан зээлээ яаж төлөх вэ гэдэг түмэн бодол эргэлдээстэй.
Харин хотын дарга “Хохирлын хэмжээгээ тогтоо, яаралтай тогтоо. Нийслэл хохирлыг тогтоохгүй. Тусгай зөвшөөрөл бүхий эрх авсан компаниар хохирлын үнэлгээгээ тогтоолгох ёстой” гэхчлэн мэргэн түргэн зөвлөгөө өгч, шавдуулсаар…
Уг нь энэ хугацаанд хотын дарга Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Эко констракшн” компанийн захирал П.Нямдаваа тэргүүтнүүдэд хандан “Голын гольдрол хааж, боон барилга барьсан та бүхэн хариуцлага үүрч, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулаарай” гэдгээ мэдэгдсэн бол ёстой шударга шулуун харагдахгүй юу. Гэтэл халдаж халдаж хар халзандаа гэгчээр хариуцлагагүйгээс үүдэлтэй хохирлыг өнөөх хэдэн татвар төлөгчиддөө үүрүүлж, аргалж мэдэх шинжтэй. Уучлаарай, татвар төлөгчид гэдэг юм болгоны хохирлыг барагдуулах үүрэг хүлээсэн хүмүүс үү. Банк дамуурахад хохирлыг нь татвар төлөгчид үүрнэ, банк бус санхүүгийн байгууллага дампуурахад мөн татвар төлөгчид хохирлыг нь барагдуулна. Эцэс сүүлдээ малчдын Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг татвар төлөгчид төлөлцөх хуулийг УИХ-аар баталчихсан. Одоо харин хууль зөрчсөнөөс үүдэлтэй хохирлыг татвар төлөгчдөд үүрүүлнэ гэж байгаа бол болиорой.
Эртхэн Сэлбэ гол дагуу хууль зөрчин барилга барьсан компанийнхаа эзэд, хувь эзэмшигч нартай уулзаж, хохирлыг нь барагдуулах талаар ярилц. Санал хүлээн авахгүй, хүлээн зөвшөөрдөггүй юм бол хууль хяналтын байгууллагад нь өгөөд шийдвэрлүүл.
“Барилгыг нь нураана, буулгана” гэж хоосон сүржигнэхээс энэ нь илүү бодитой.
Дээр нь гол дотор барилга барих нь хориотой гэдгийг мэдсээр байж, хууль зөрчин зөвшөөрөл олгосон Газрын албаны эрхтэн дархтануудаас эхлүүлээд хот төлөвлөлтийг аюулд оруулсан шийдвэр гаргасан албан тушаалтнууд ч энэхүү хохирлоос үүрэлцэх ёстой. Хууль зөрчин барилга барьчихаад байхад ашиглалтад хүлээн авсан Улсын комиссынхон ч хариуцлагаас бултах учиргүй.
“Хийхийг нь та нар хийгээдэх, би ард нь аахиалаадхая” гэж буй юм шиг юм бүхний ард сугарч үлдэх ёсгүй.
Мөнгө л олж байвал иргэдийн амь нас аюулгүй байдлыг юман чинээ тоохоо больсон “Эко констракшн” тэргүүтэй барилгын компаниудтай ч хариуцлагаа тооц… Олон жил хууль зөрчин барилга барьж, мөнгө оллоо. Одоо л энэ асуудлаас сургамж авч, буруутай нь хариуцлага хүлээхгүй бол хууль гууль болоод л дуусна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд ч ичих нүүр гэж байдаг бол энэ хохирлоос төлөлцөх ёстой. Аргална даа гэж бодож буй бол болохгүй. Татвар төлөгчид гэдэг юм бүхний эрсдэл үүрдэг, хохирол барагдуулдаг нохойд барьдаг мод биш шүү дээ.
Нийслэл ч энэ удаагийн үйл явдал дээр бодитой дүгнэлт хийгээд, асуудлуудыг цэгцлээд авахад анхаармаар байна. Зөвхөн барилгаар зогсохгүй голын гольдрол өөрчилж, шатахуун түгээх станц барьсан асуудал ч хөндөгдөх боллоо. Дээрх үйл явдлаас сургамж авч, одоо л асуудлыг шийдвэрлэхгүй бол жинхэнэ байгалийн гамшиг нүүрлэхэд нийслэл нийтээрээ сүйрэх аюул өмнө байна шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ