Д.Мөнхболд: Шинжилгээний хариу хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.07.19-нд нийтлэгдсэн

Д.Мөнхболд: Шинжилгээний хариу хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй байна

Д.Мөнхболд: Шинжилгээний хариу хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй байна

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай сайн барилдсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний талаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболдоос зарим зүйлийг тодрууллаа.


-Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс допингийн шинжилгээ хэзээ авсан бэ?

-Хүчит бөхийн барилдаан дууссаны дараа холбогдох хууль хяналтын байгууллага болоод гэрчүүдийг байлцуулсны үндсэн дээр амжилттай барилдаж шөвгөрсөн 32 бөхийн шээснээс допингийн шинжилгээ авсан.

-Шинжилгээний сорьцыг хаана байрлуулж байгаад хэзээ БНСУ-руу илгээсэн бэ?

-Шинжилгээг авч дуусаад лацныхаа бүрэн бүтэн байдлыг хангаад гаалийн байгууллагад хүлээлгэж өгөөд долдугаар сарын 13-ны өдрийн онгоцоор БНСУ-руу илгээсэн.

-БНСУ-д допингийн шинжилгээ хийлгэх өртөг зардлын хувьд хэдэн төгрөг байдаг вэ. Үнэ төлбөргүй гуйж шинжилгээ хийлгэдэг гэх мэдээлэл байна?

Үнэ төлбөргүй шинжилгээ хийдэг асуудал байхгүй л дээ. Бүх зүйл нь ороод 579 ам доллар, дээр нь нэмээд 269 мянган төгрөгийн зардал гардаг. Долларын хувьд гадаад зардал бол төгрөгийн хувьд Монгол дахь зардлын хэмжээ юм.

-Допингийн шинжилгээний хариу гарсны дараа шинжилгээний сорьц солигдсон байх магадлалтай гэх маргаан гардаг. Сорьц солигдохгүй байх дээр ямар баталгаа өгөх вэ?

-Допингийн шинжилгээг дахин давтагдашгүй дугаар бүхий шилнүүдэд авдаг, шинжилгээний сорьцыг хийж нэгэнт тагийг нь тагласан бол дахин онгойлгох ямар ч боломжгүй. Зөвхөн лабораторын газар очиход тусгай багажаар онгойдог. Тийм учраас ямар нэгэн байдлаар шинжилгээний сорьц солигдох талаар ойлголт байх боломжгүй.

 -Шинжилгээний хариу хэзээ ирэх бол?

 -Яг одоогоор тодорхой хугацаа хэлэх боломжгүй байна. Учир нь допингийн шинжилгээ хийж байгаа лаборатор нь хараат бусаар ажилладаг учраас хэзээ шинжилгээний хариу гарах нь тодорхой бус байдаг. Шинжилгээний хариу ирмэгц холбогдох байгууллагуудад нь мэдэгдэнэ.

Шинжилгээний хариу нь ямар байдлаар ирдэг вэ?

-Шинжилгээний хариу нь тусгай систем бүхий байгууллагын цахим хаягаар дамжиж ирдэг гэв.

С.Шижирбат: Допинг илэрсэн бол шууд  нэрийг нь зарла

Спортын сэтгүүлч С.Шижирбат өчигдөр өөрийн цахим хуудсандаа “Өнөөдөр допингийн сорьцуудыг DHL-ээр Солонгос нисгэлээ. Энд хэний хамгаалалтанд байлгасан нь тодорхойгүй. Яаралтай нөхцлөөр мөнгийг нь төлвөл 7 сарын 13нд Солонгос явуулаад 14нд шинжлээд 15нд хариу гараад 16нд мэйлээр хариу нь ирчинэ, допингийн хариу мэйлээр ирдэг. Өнөөдөр явуулхад маргааш шинжлээд нөгөөдөр хариу нь гараад 21нд мэйлээр хариу нь ирчинэ. Яагаад удаадаг вэ, хэнд ашигтай болоод удаагаад байдаг вэ. Олимп ДАШТ-үүдийн хариу шиг байж болно. Гуйлгачилж үнэгүй хийлгэдэг учраас л оочер нтр гэсэн балай юмаа өчнөөн жил ярьлаа. Наадмын төсөвт допингийн зардал гэж тусгадаг, өчнөөн жилийн наадмуудын энэ төсөв яг яасан нь тодорхойгүй байж ирсэн. Допингийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Мөнхболдын мэйл хаягаар хариу нь ирдэг. Энэ жил жишээ нь допингийн хариу яг хэдний өдөр ирэх вэ. Допингийн эсрэг үндэсний дүрмээрээ Мөнхболд мэйлээр ирсэн хариуг яаралтай Баяр наадмын комисс, МҮБХ, МҮОХ-нд мэдэгдэх ёстой. Мөн дүрмийн дагуу А савнаас допинг илэрхэд олон нийтэд хугацаа алдахгүй мэдэгдэх ёстой. Дэлхийд ч А савнаас допинг илэрсэн бол шууд зарладаг болсон. Допингийн төвийн дарга Хатанбаатар, Мөнхболд нарын талаар маш их яриа бөхийн ертөнцөд явж ирсээн. Ирсэн мэйлийг будлиулдаг бол хөндлөнгийн хяналттай шалгамаар байна аа.Тэдэн бөхөөс допинг илэрлээ гэсэн оньсого таалгаж өчнөөн хоног ард түмнийг хэрэлдүүлж талцуулж байгаад ганц хоёрхон бөхөөс илэрлээ гэдгээ одоо болио. Нэг албан тушаалд олон жил болсон эдгээр хүмүүсийг халж сольж яагаад чадахгүй байна вэ. Хахууль авч допингийн хариуг дардаг ашигтай болхоороо албан тушаалдаа амь тавьж зууралдаад байна уу. Авлигатай тэмцэх газарт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл ангитай байцаагдаад, улс төрчид энэ хэрэгт холбоотой гээд мэдүүлэг өгсөнийг спортынхон мэдэж л байгаа шүү дээ.  Монголын Үндэсний Олимпийн Хороо, Спортын сайд Батэрдэнэ шийдвэртэй ажил хиймээр байна. Ирэх сард Дэлхийн допингийн эсрэг агентлагын мэргэжилтнүүд Монголд ирнэ. Юу ярьж худлаа шааж аргалах вэ гээл байж байна уу” хэмээн пост оруулсан юм.

Өнгөрсөн жил 64 бөхөөс шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрчээ

Ардын хувьсгалын 100,101 жилийн ойг хамтатгаж өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд 1024 бөх барилдаж, 64 бөхөөс допингийн шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн байдаг.Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, "Өмнө нь Үндэсний их баяр наадамд тав ба түүнээс дээш давсан бөхчүүдээс дээрх шинжилгээг авдаг байсан бол энэ жил дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Тодруулбал, 1 024 бөхийн 64 нь допингийн шинжилгээнд хамрагдсан. Допинг илэрсэн бөх тавын даваанд унасан байна. Энэ бөхийн нэрийг хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн хүний эрүүл мэндтэй холбоотой зүйл бий. Бид шинжилгээний хариуг биечлэн танилцуулж В сорьцын шинжилгээнд орох эсэхийг нь хувь тамирчнаас асууж, В сорьц өгөхгүй буюу шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд олон нийтэд нэрийг нь мэдээлнэ" гэж мэдэгдсэн юм. Улмаар допинг илэрсэн бөхийн хувьд  тавын даваанд унасан тул бөхчүүдийн цол, эрэмбэд өөрчлөлт ороогүй аж. Тухайн тамирчин В сорьц өгөх эсэх хариугаа есдүгээр сарын 1-нээс өмнө салбар хороондоо мэдэгдэх ёстой аж. Хэрэв В сорьц өгнө гэвэл тухайн шинжилгээний хариу гартал олон нийтэд мэдээлэх боломжгүй. Шинжилгээний хариу эцэслэгдсэн тохиолдолд зохих журмын дагуу хариуцлагын асуудал ярина гэдгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дурдсан юм.  Тэгвэл өнгөрсөн жилийн сорьцноос Улсын харцага Т.Бэгзсүрэнгээс допинг илэрсэн нь хэсэг хугацааны дараа тодорхой болсон байдаг.  Бөхийн салбар хороо хуралдаад Улсын харцага Т.Бэгзсүрэнгийн барилдах эрхийг нь 4 жилээр хассаад байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж