Жюү жицү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/-ээс өнөөдөр /2023.07.18/ М.Сугар не-ваза төрөлд Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр +70 кг-ын жинд ОХУ-ын Дарья Николаева, Колумбийн Лаура Кастильо нарыг ялж хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Канадын тамирчин Райн Пфаффад ялагдсан ч, хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор ялснаар Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг энгэртээ гялалзуулж байна. М.Сугарын хувьд энэ удаагийн Жюү Жицү ДАШТ-нд бяцхан гүнжтэйгээ хамт “барилдаж”, гурав дахь медалийг хүртэж буй нь энэ ажээ.
Амжилтаас нь дурдвал, 2013 онд АНУ-ын Лос-Анжелест болсон Жюү жицү ДАШТ-ээс Монголын түүхэнд анхны дэлхийн аварга болж байсан бол жилийн дараа Холливудэд дахин ирж хүрэл медаль хүртжээ. Тэрбээр Жюү жицүгээс гадна жүдо, самбо, кураш, бүстэй барилдаан гээд бөхийн олон төрөлд хүч үзэж тив, дэлхийд өндөр амжилт гаргасан тамирчин бүсгүй юм байна.
Жюү жицү ДАШТ Улаанбаатар хотноо долдугаар сарын 15-нд Мөсөн өргөө-Steppe Arena-д эхэлсэн бөгөөд 20-ныг дуустал үргэлжлэх юм. Энэхүү тэмцээнд 50 орны 600 гаруй тамирчид оролцож байна.
Г.ХОРОЛ