Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар унаагүй бөх тахим өгч, даваагүй бөх туг тойрсон нь маргаан дагуулаад буй. Эл асуудалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ нь наадам тулгаж, бөхийн дүрэм өөрчлөх санал ирүүлсэн" гэж мэдэгдсэн бол Улсын аварга О.Хангай “Идэвхээр хасдаг дүрэм буруу юм байна, өөрчилье” гэдэг саналыг МҮБХ-оо 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд Үндэсний бөхийн салбар хороо/ҮБСХ/-нд хүргүүлсэн ч хүлээн аваагүй, наадам тулгасан” гэж байр сууриа илэрхийлсэн нь хэн нь үнэн яриад байна вэ гэдэг асуудал хөндөхөд хүргээд буй. Иймд энэ долоо хоногийн VS буландаа хоёр талын байр суурийг онцоллоо.
П.Сайнзориг:
Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Идэвхээр хасах дүрэм энэ жил орж ирээгүй, бөх сонирхогчдын дунд буруу ташаа мэдээллийг санаатайгаар өгч байна. 2022 оны Үндэсний их баяр наадмаар үйлчилж эхэлсэн дүрэм. МҮБХ –ны тэргүүн Ц.Магалжав өөрөө галуудаар явж сурталчилж байсан. Энэ жил жаахан тодотгол оруулсан. Идэвхээр хасахдаа сүүлийн идэвхийн 10 минут гэж зарлаж байгаад тэр 10 минутад хэн идэвхтэй барилдсан нь давдаг байсныг “энийг хүлээдэг юм байна, болохгүй юм байна” гэдэг үүднээс нийт барилдааныг 60 минут гэж тооцоод хэн идэвх гаргасанд ялалт өгөх дүрмийн жаахан өөрчлөлт хийсэн.
МҮБХ-ны хувьд тэгш барьц буюу хаялцтал явуулъя гэдэг санал ирсэн. Энэ санал наадам дөхүүлж ирсэн, мөн Дүрмийн зөвлөлийн хурал ирцтэй, ирцгүй байсан, нийт бөхчүүдээр бас хэлэлцүүлсэнгүй гэдэг санал ирсэн учраас манай хороо “Нийт бөхчүүдээрээ хэлэлцээд саналаа аваад ир” гэсэн. П.Бүрэнтөгс аварга бас хэлсэн байна лээ. “Наадам дөхөхөөр дүрэм ярьдаг биш, наадмын дараа юу болж байна, болохгүй байна” гэдгээ ярьдаг байх ёстой гэж. Дүрмийн өөрчлөлтийг барилддаг бөхчүүд нь хийж болохгүй, ингэвэл спорт биш болно. Бөхийн дасгалжуулагч, бөх судлаачдынхаа саналыг сонирхож, дүрмийн боловсруулалтыг шийдэх. Бөх өөрөө сонирхолтой байх ёстой. Өв соёл, уламжлал байлгүй яах вэ, тал талаас нь ярилцаж байгаад дүрмийн өөрчлөлтөө аваад ир” гэдэг асуудлыг тавьсан. 60 минутыг МҮБХ-оо өөрөө зөвшөөрөөд энэ хувилбарыг сонгосон. Спорт цаг хугацаатай байх ёстой. Аливаа юм хоёр талтай байхыг үгүйсгэхгүй. Уран барилдаанууд гарч байна, эрүүл мэнд талаасаа бөхчүүд жингээ хасч байна. Хуучин барилдаан их удааширдаг байсны дараа шахааны барьцаас болж жингээ нэмдэг ч юм уу, хэн азтай нь өөрийнхөө талаар аваад хаядаг болсон тул 2022 онд МҮБХ -ноос анх идэвхийн дүрмийг оруулж ирсэн. Баяр наадам тулгаж, өөрчлөлт оруулж ирсэн. Асуудлыг ултай суурьтай намраас яръя, бөхчүүд дүрэмд тааруулаад бүхэл бүтэн жил бэлтгэлээ хийж байхад нь наадам дөхүүлээд дүрмээ өөрчлөөд байж таарахгүй учраас энэ удаагийн наадам 2022 онд батлагдсан идэвхийн дүрмээр явсан. Идэвхийн 10 минутыг 60 минут болгож өөрчилсөн асуудал байгаа.
О.Хангай:
Улсын аварга
Энэ жилийн наадмын үндэсний бөхийн хоёрын даваанд Улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Д.Алтанцоож, долоогийн даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын арслан Ц.Содонмдорж нарын барилдаан идэвхээр хасах дүрмээр шийдэгдсэн.
Эрийн гурван наадам гэдэг бол Монгол Улсын түүх соёлыг шингээсэн, жинхэнэ Монгол хүн гэдгээрээ бахархдаг, омогшдог, баяр цэнгэлийн дээд болдог баяр. Идэвхээр хасдаг дүрэм орж ирснээр ард түмнээ нутаг усаар талцуулдаг, наадамчин олныг бухимдуулсан шийдвэр гарсныг та бид бүгд харлаа. Давсан, унасан бөхдөө ч сэтгэл зүйн хувьд тиймхэн шийдвэр байсан.
Унасан бөхийн хувьд үнэн хүчийг үзээд барилдаад хаялцсан бол гэж бодогдож байгаа. Давсан бөх нь дүрмээ биелүүлснээрээ буруутан болдог дүрэм. Өнгөрсөн 2022 оны наадмаар ч энэ дүрэм хэрэгжиж байсан. Өнгөрсөн жил энэ дүрмээр дөрвийн даваанд дөрвөн хүн хасагдсан. Дээр даваанд ийм асуудал үүсээгүй учраас хүмүүсийн анхаарал таталгүй өнгөрсөн.
Заалны барилдаанд ч бөхчүүд хаялцахгүй бол идэвхээр хасдаг шийдвэр буруу юм байна гэдгийг бөхчүүд болон Монголын Үндэсний Бөхийн холбоо /МҮБХ/үзээд 2023 оны гуравдугаар сарын 18-нд ямар ч цолтой бөх оролцож болохоор дүрмийг өөрчлөх, нээлттэй хурал зохион байгуулсан. Энэ хуралд 30-аад бөх ирсэн. Хуралд оролцсон бөхчүүд идэвхээр барилдааныг үнэлж, хасдаг дүрмийг болиулаад тэгш барьцыг оруулж ирсэн. Эл шийдвэрээ МҮБХ 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд Үндэсний бөхийн салбар хороо /ҮБСХ/-нд хүргүүлсэн. Гэвч ҮБСХ бөхчүүд болон МҮБХ-ноос гаргасан шийдвэрийг хүлээн авахгүй, өнгөрсөн жилийн наадмын идэвхээр хасдаг дүрмээр явна гэсэн хариу өгсөн. Зөвхөн “О.Хангай аварга, Н.Батсуурь аварга, О.Балжинням аварга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар сууж байгаад өөрсөддөө зориулсан дүрэм баталсан” гэж худал мэдээллийг хүмүүст түгээсэн. Хурлын тэмдэглэлтэй, протколтой, нээлттэй, хэн ч оролцож болохоор хурал болсон. Хүнийг ингэж хамаагүй гүтгэж болохгүй. Х.Баянмөнх аварга маань ч гэсэн энэ хасдаг дүрэм бол буруу гэдгийг хэлсэн.
Бөхийн холбоо, бөхчүүдээс гаргасан санал дүрмийг хүлээн авахгүйгээр Баяр наадмыг зохион байгуулах ҮБСХ -ны хүмүүс өөрсдөө баяр наадмыг хурдан дуусгах гэж, өөрсдөө дур мэдэж, дүрмийг баталж болохгүй. МҮБХ-оо 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд идэвхээр хасдаг дүрмийг өөрчлөх санал хүргүүлсэн ч хүлээн авахгүй байж байгаад долдугаар сарын 5-нд өөрсдөө дур мэдээд дүрэм баталсан. Ингэж болохгүй. Хүн бүхэн бүх зүйлийг мэдэх албагүй. Мэддэг чаддаг, хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсч байх хэрэгтэй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ