БНСУ: Үерийн дараах цэвэрлэгээг эрчимжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.07.19-нд нийтлэгдсэн

БНСУ: Үерийн дараах цэвэрлэгээг эрчимжүүлж байна

БНСУ: Үерийн дараах цэвэрлэгээг эрчимжүүлж байна

Өмнөд Солонгост өнгөрсөн Пүрэв гаригаас орж эхэлсэн аадар борооны улмаас үер болж, барилга байгууламж, замууд эвдэрч, олон хүн амь насаа алдаж, сураггүй болсон талаар  мэдээлж буй. Одоогоор Осон хотноо үерийн улмаас туннель усанд автаж, 13 хүний ​​амь нас хохирсон хэргийн талаар цагдаа нар мөрдөн байцаалт явуулахаар төлөвлөж байгаа аж. Үерийн улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд 50 орчим хүн нас барж, сураггүй алга болсон. Тэгвэл нөхцөл байдал ямар байгаа талаар тус улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдээс тодрууллаа. 

ХАН МӨРНИЙ УС ХЭВИЙН ХЭМЖЭЭНЭЭС 8 МЕТР ҮЕРЛЭСЭН 

Иргэн Б.ГАНЦОЛМОН:

-Би Хан мөрний Банпу гүүр буюу усан хөшиг татдаг гүүрний аюулгүй байдал хариуцаж ажиллаж байгаа. Өчигдрөөс хойш бороо намдсан. Сөүл орчим, Хан мөрний ус хэвийн хэмжээнээс 5,7 м орчим үерлэсэн. Уржигдар хамгийн их үертэй буюу найман метр орчим байсан.

Миний хувьд нэг гүүрэн дээр ажиллаж байгаа учраас бусад үерт автсан хэсгүүдэд нөхцөл байдал ямар байгаа талаар хэлэх боломжгүй.

Ямартай ч сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч байгаа. Бороо намдсан учраас одоо эрэг дагуух авто машин, явган хүн, дугуйн замуудыг цэвэрлэх ажил явагдаж байна.

БОРОО ТҮР НАМЖСАН Ч ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛГА ХҮРГЭЖ БАЙНА
ИРГЭН Ж.НАРМАНДАХ:
-Өмнөд Солонгост олон хоног орсон аадар борооноор олон газар нутаг үерлээд байгаа. Одоогоор ихэнх газраар бороо түр намжсан байдалтай боловч, олон өдрийн борооноор хөрс дэвтэж хөрсний нуралт болж болзошгүйг анхааруулж байна. Цаг уурын албанаас канвонду, төв хэсгийн нутгууд болон өмнөд бүс нутгийн уулархаг бүс нутаг, Чэжү аралд аадар бороо орохыг анхааруулж, Чоннам, Кённам мужид цагт 10-30 мм хүчтэй бороо нэмж орох шинжтэй байгааг сэрэмжлүүлж байна.
Хэрэв газар доорх давхрын барилга байгууламжуудын шалан дээр ус нэвтрэн орвол нэн даруй дайжихыг мөн сануулж байгаа.
Мөн аадар борооны үеэр аль болох гэрээсээ гарахгүй байх, голтой ойрхон явахгүй байх, уулнаас хол байх, хувийн унаанаас илүү нийтийн тээврээр зорчих, цаг агаарын урьдчилсан мэдээг байнга шалгахыг анхааруулан сануулж байна.
"МОНГОЛЧУУД ТОГТМОЛ ХОЛБООТОЙ БАЙГАА"
Бид БНСУ дахь монгол иргэдийн цахим бүлэгт нөхцөл байдал ямар байгаа талаар асуухад монголчууд нэг нэгэнтэйгээ холбоотой байгаа. Одоогоор үерт өртсөн монгол иргэн холбогдоогүй. Амьдарч, ажиллаж байгаа төвийн бүсүүдэд үер болсноос ажил болон зарим замуудад түр хязгаарлалт тогтоосон. Мөн өчигдрөөс /2023.07.17/эхлэн бороо түр хугацаанд зогссон даруйд цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж байгаа гэсэн юм.
Гадаад харилцааны яамнаас дахин тодруулахад "Үерийн бүсэд байгаа монголчуудтай нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд холбоотой ажиллана. Одоогоор эрсдэлт нөхцөл байдалд орсон гэх монгол иргэн холбогдоогүй" гэх хариултыг өглөө.
Албан бус статистикаар тус улсад Монголын 50 мянга орчим иргэн бий. Эрсдэлт нөхцөл байдалд иргэд хэрэв орвол Элчин сайдын яам болон бусад яаралтай холбогдох дугаарт хандах боломжтой юм байна. Одоогоор бороо түр зогссон ч ирэх өдрүүдэд дахин орох учир эрсдэлт бүсэд байгаа тохиолдолд аюулгүй хэсэг рүү нүүхийг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж