Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын 45 жилийн ой энэ сард тохиож байна. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш сая орчим мянган хvvхэд, залуусыг хүлээн авч үйлчилсэн тус зуслангийн хамт олон өнөөдөр /2023.07.18/ хүндэтгэлийн үйл ажиллагаагаа өргөн дэлгэр тэмдэглэж байгаа юм.
Хүүхдийн Бүгд Найрамдах Улс хэмээх Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын түүхэн хөгжлийн үе шат нь Монголын нийгэм, улс төрийн хөгжилтэй шууд холбоотой бөгөөд түүний нэршил нь эдгээр өөрчлөлтийг илэрхийлж байдаг онцлогтой.
Найрамдлаар овоглодог олон мянган хүний дунд олон улсын хүүхэд, залуус ч цөөнгүй хувийг эзэлдэг. Монголыг сурталчилдаг, өв соёлыг залууст танин мэдүүлдэг, хүүхэд бүрийн хүслэн болсон тус төвийн үе, үеийн амрагчдын төлөөлөл болон багш, удирдлагуудаас баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
"Найрамдал" цогцолборын ерөнхий захирал Б.ОТГОНБАТ:
-Би 1990 онд аравдугаар ангид орох жилдээ "Найрамдал" зуслангийн үйлчилгээний хэсэгт анх ажилд орж бүлгийн туслах багшаар ажиллаж байлаа. Үндсэндээ миний амьдралын 33 жилтэй Найрамдал цогцолбор маань салшгүй холбоотой гэж хэлж болно. Хүүхэд багачуудын төлөө сэтгэл, зүтгэл нэгтэй ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, амрагчид гээд бүхий л хүний хүчээр өнөөдрийн би амжилттай ажиллаж явна. Өнөөдөр бол "Найрамдал" цогцолборын 45 жилийн ойн баяраас гадна манай төвтэй холбогдсон дэлхийн 70 гаруй орны хүүхэд, залуус Монголын нэг сая гаруй хүний баяр.
Гэгээн дурсамж, баяр он жилүүд, сэтгэлд хоногшсон олон түүхийг бүтээсэн үе үеийн Найрамдлынхдаа түүхт ойн баярын мэндийг хүргэж байна.
Ой тэмдэглэнэ гэдэг бол зөвхөн баярын үйл ажиллагаа биш. Бид цаашид олон олон шинэчлэлтүүдийг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, 2020 оны зургадугаар сарын 1-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар "Найрамдал" төвийн барилга байгууламжийг иж бүрнээр шинэчлэн сайжруулах, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд "Найрамдал-2" зуслангийн байрыг ашиглалтад оруулах, усан спортын цогцолборыг нээх зэрэг олон олон түүхэн шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж хамгийн том шинэчлэлт бол хөгжлийн хөтөлбөр.
Хүүхдийн хэрэгцээ өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа энэ цагт амрагчдаа тохируулж, шинэ содон хөгжлийн хөтөлбөрийг нэвтрүүлэх, орчныг бүрдүүлэх, зуслангийн бүхий л үйл ажиллагааг олон улсын стандартад хүргэх зэрэг том том зорилтууд мөн бидэнд бий.
ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН ТӨВД АЖИЛЛАНА ГЭДЭГ МӨНХИЙН ЗАЛУУГААРАА БАЙХ ДАВУУ ТАЛТАЙ
Ахмад багш Д.МӨНХЦЭЦЭГ:
-Би "Найрамдал" зусланд 20 гаруй жил багшилж гавьяаны амралтдаа гарсан багш хүн. Миний хүүхдүүд ч тус цогцолборт багшилж байсан дурсамжтай. Хүүхдийн дуу цангинасан төвд ажиллана гэдэг мөнхийн залуугаараа байх давуу талтай. Тиймдээ үргэлж эрч хүчтэй, цоглог, золбоолог байдаг. Хүүхдүүдтэй өнгөрүүлж байсан дурсамжууд их бий. Мөн цогцолборын маань байгаль их гоё. 45 жилийн ойн арга хэмжээнд оролцож, үе үеийн ажилчидтай уулзаж, хууч хөөрч, дурсамжаа сэргээн санаж байгаадаа баяртай байна.
Амьдралын минь салшгүй хэсэг болсон "Найрамдал" цогцолбор бол хүүхэд бүрийн очихыг хүсдэг газар. Тэр утгаараа одоо ч би ач, зээгээ жил бүр амраадаг.
Зуслантай холбогдсон түүхүүд маань гэгээн дурсамж болсон ч эргээд дурсахад өчигдөр юм шиг л ойрхон санагдаж байна. Нийт хамт олондоо баярын мэнд хүргэе.
Өвөр Монголын өөртөө засах орноос ирсэн амрагч ЖАН ЦАЙЛГАН:
-Анх удаа зусланд ирж амарч үзэж байна. Сэтгэл маш их хөдөлж, ирэхдээ их догдолсон. Анх багш маань Монголын "Найрамдал" зусланд амрах сонирхолтой хүүхдүүд байна уу гэж асуухад их хөөрч, би явах юмсан гэж бодож байсан. Харин өнөөдөр ирээд амарч байна.
Нийт 45-уулаа ирсэн. Зуслангийн хоол амттай, багш нар нь зөөлөн анхны сэтгэгдэл маш их баяртай байна.
Ирэх жилүүдэд боломж гарвал дахин ирнэ гэж бодож байгаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ