Олон нийтийн сүлжээ Твиттерийг 2022 онд дэлхийн толгой баячуудын нэг Элон Маск худалдаж авснаар платформыг өөрийн шинэ тоглоомоо болгож хувиргасан. Тэрбээр ардчиллын үнэт зүйлсэд заналхийлж буй худал мэдээлэл, хэт даврагч үзэл, дарангуйлагч дэглэмийн суртал ухуулгын эсрэг дорвитой арга хэмжээ авахын оронд баталгаажсан хэрэглэгчийг илтгэх цэнхэр тэмдгийг зарах худалдааны ашиг хайсан. Тэрбээр Твиттерийн аюулгүй байдлыг хангахын төлөө ажилладаг багаа татан буулгаж, хэт даврагч, аюултай хэрэглэгчдийн эсрэг хоригийг цуцалж; гадаадын засгийн газартай холбоотой (Орос, Хятадын суртал ухуулгын цэгийг оруулаад) хэрэглэгчдийг илтгэх тэмдэглэгээг устгаж, өөрийг нь шүүмжилсэн сэтгүүлчдэд цензур тавьсан.
Ингэснээр Твиттерт үзэн ядсан үг хэллэг, тролл, худал мэдээлэл эрс нэмэгджээ. Энэ бүхэн нь Твиттер мэдээ, мэдээллийн найдвартай платформ болж чадахаа больсныг илтгэж байна.
Тухайлбал, "Foreign Policy" мэдээллийн агентлагийн мэдээлснээр, баталгаажсан хэрэглэгчийн цэнхэр тэмдэглэгээтэй хаягуудын 99 хувьд нь үзэн ядсан үг хэллэг, худал мэдээллийн эсрэг Твиттерийн тохиргоо ажиллаагүй нь тогтоогджээ.
Маск 112 сая дагагчтай хаягаараа Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосийн нөхрийн эсрэг худал мэдээллийг жиргэсэн нь нэлээд шүүмжлэл дагуулав. Хэдийгээр тэрбээр жиргээгээ удалгүй устгасан ч маш олон хүн үзэн ядсан сэтгэгдлүүдийг бичээд амжсан байна. Түүний энэ үйлдэл нь Твиттер нь худал мэдээллийг хэдхэн секундын дотор дэлхий даяар тараах чадвартай хэрэгсэл болсныг харуулжээ. Тиймээс Твиттерийн эсрэг ямар нэгэн арга хэмжээг хурдан авахгүй бол ардчиллын хамгийн том заналхийлэл болж байгааг жиргээчид онцолсон байна.
Твиттерийг Маск авснаас хойш олон нийтийн сүлжээний дүрэм журам мөрдөгдөхөө больсон нь "нигер" гэх үгтэй жиргээний тоо 500 хувиар нэмэгдсэнээр илэрч байна. Хэдийгээр Маск үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмжигч гэж өөрийгөө тунхаглаж байгаа ч худал мэдээлэл, үзэн ядсан сэтгэгдэл, жиргээнүүдийг хянаж чадахгүй бол ардчилалд маш их хор нөлөө үзүүлнэ.
Калифорни мужийн Сан Бернардино дахь үзэн ядалт, хэт даврагч үзлийг судлах төвийн захирал, профессор Брайн Левин хэлэхдээ, "Компаниуд үйл ажиллагааныхаа нөхцөлийг тогтоох эрхтэй ч нийгэмд асар нөлөөтэй, том компаниуд хариуцлагаа ухамсарлан ажиллах нь чухал. Хэрэв тийм биш бол Үндсэн хуулийн анхдугаар нэмэлт өөрчлөлтийг зөрчихгүйгээр хийх боломжтой хэмжээнд нь хуулиар зохицуулах ёстой" гэж тайлбарлажээ.
Тэрбээр Твиттерийн шинэ дүрэм журмыг хөшигний ардаас бичиж буй эрхмийн дураар байвал олон нийтийн сүлжээ худал мэдээлэл, санаатай цуурхлын хэрэгсэл болно гэдгийг онцолсон байна.
Твиттерийг хүмүүс ихэвчилэн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох, цаг алдалгүй мэдээлэл түгээх, хэрэглэгч танилуудтайгаа харилцах зорилгоор ашигладаг. Энэ нь эгшин тутамд мэдээлэл түгээх чадвартай олон нийтийн цахим хэрэгсэл. Твиттерийг 2006 онд үүсгэн байгуулсан эрхмүүд идэвхтэй, орчин үеийн, шуурхай байдалд чиглэсэн олон нийтийн сүлжээг үүсгэхийг зорьсон. Улмаар Твиттер хэдхэн жилийн дотор 100 сая гаруй хэрэглэгчтэй болсон бөгөөд өдөрт 340 сая гаруй жиргэдэг. Улмаар 2019 оны байдлаар 330 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болсон.