Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол буюу тайлга тахилгын арга хэмжээг долдугаар сарын 21-22-нд зохион байгуулна. Газар лусаа аргадан, ёс уламжлалаа өвлүүлэн уламжилдаг энэхүү төрийн тахилгын арга хэмжээг таван жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалын дагуу тахилгын арга хэмжээг зохион байгуулж буй.
Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг бэлтгэл ханган ажиллаж байгаа гэв.
Ажлын хэсэг төрийн тахилгын ёслолын арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажл ямар шатанд яваа талаар ярилцаж, цаашид төлөвлөсөн ажлаа шуурхайлж, ажиллахыг үүрэг өгөв. Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр 32 бөхийн барилдаан, азарга, дааганы уралдаан, Урианхай сурын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл хангаж байгаа гэж Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.
Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Алтанхөхий уул Алтны эх хэмээх газар Алтанхөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог байна. Алтанхөхий уулыг 2005 оны гуравдугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 тоот зарлигаар "Төрийн тахилгат уул" болгож, анхны тахилгыг 2005 онд болжээ. Алтны эхийн ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Ууландаа гөрөөс, янгир, аргаль гэх мэтийн ховор амьтад идээшилдэг.
Сонирхуулахад, төрийн тахилгат уулыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцдог бөгөөд энэ удаагийн тайх ёслолд оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Т.ОД
Холбоотой мэдээ