Өнгөрөгч оны долдугаар сард “ард түмний брэнд” гэж алдаршсан атар талх 1600төгрөгний үнэтэй байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар 2400 төгрөгт хүрчээ. Үнийн өсөлттэй холбоотой бид дараах тодруулгыг хийсэн юм.
Худалдаа эрхлэгч Н.Цэндсүрэн
-Барс зах дээр арав гаруй жил хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа Н.Цэндсүрэн хэлэхдээ, иргэд худалдан авалт хийхдээ чанарыг нь голчилохоос илүү эхлээд үнийг нь асуудаг. Ингээд аль болох хамгийн хямдаас нь авах тохиолдол нь элбэг байна. Учир нь сүүлийн жилүүдэд бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учраас аль болох хямд үнээр хүртээмжтэй бүтээгдэхүүн сонгохыг чухалчилэж байна. Тэр дундаа иргэдийн өдөр тутмын хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн талх, нарийн боорцогны үнэ огцом өссөн. Тухайлбал, боорцог хамгийн хямд нь 3200 төгрөгөөс эхэлж байгаа бол талх 2400 төгрөгөөс эхэлж байна. Зарим боорцогны үнэ өндөр байгаагаас иргэд тэр бүр худалдан авалт хийхгүй хугацаа нь дуусах ч тохиолдол байна. Иргэдийн хувьд ихэвчлэн 4000 төгрөгөөс дээш гурилан бүтээгдэхүүнийг авах санхүүгийн боломж тэр бүр алга. Тийм учраас үнэ өртөг өндөр бүтээгдэхүүнийхээ татан авалтыг бууруулж, иргэдийн хамгийн ихээр авч байгаа бүтээгдэхүүнийхээ татан авалтыг нэмэгдүүлж байна. Иргэд өмнө нь атар талхыг хамгийн их худалдаж авдаг байсан. Харин одоо атар талхны үнэ өсч, хэмжээ нь багассан гэх шалтгаанаар худалдан авалтын хэмжээ буурсан. Зарим иргэд, айл өрхүүдийн хувьд талх тансаг хэрэглээ болчихсон. Тэтгэвэр, тэтгэмж буух болох хүүхдийн мөнгө буух үед иргэдийн худалдан авах чадвар нэмэгддэг. Иргэдийн үнийн өсөлтөнд маш эмзэг, бас бухимдалтай хандаж байна. Бид ч бас хоногийн хоолтойгоо залгуулахын тулд үйлдвэрээс ирсэн үнэ дээр нь 200-300 төгрөг нэмээд зардаг. Гэтэл зарим иргэд үйлдвэр үнээ нэмсэн шалтгааныг ойлгохгүй биднийг өөрсдийнхөө дураар үнээ нэмлээ, шуналтай шулаачаар нь дуудах ч үе байна. Хүн бүрд тэр бүр тайлбарлаад байх боломжгүй учраас зарим тохиолдолд дуугүй л загинуулаад суудаг болсон. Гурилан бүтээгдэхүүний тавиур өмнөх жилүүдэд дүүрэн байдаг байлаа. Иргэдийн худалдан авалт багассан тул 30 хувь орчим нь хоосон шахуу л байна.
Наадмын өдрүүдэд талх гурилан бүтээгдэхүүнүүд тасалджээ
Иргэн Ц.Тунгалаг
Манайх ам бүл тавуулаа талх, боорцгийн үнэ нэмэгдээд удаж байгаа хоёр жилийн өмнө 20мянган төгрөгөөр тор дүүрэн боов, боорцог аваад аваад ороод ирдэг байсан. Гэтэл одоо хоёр талх, нэг сүү аваад л дуусчихаж байна. Нууж хаагаад байх юм байхгүй. Сүүлдээ талх, боорцогны үнийг дийлэхгүй байна. Талх боорцог худалдаж авснаас гэртээ хийгээд идсэн нь эрүүл мэндэд ч тустай эдийн засагт ч хэмнэлттэй гэж боддог болсон.
Иргэн С.Наран
Талх боорцог чинь өдөр тутам, өглөөний цай болгоны хэрэглээ шүү дээ. Намайг хүүхэд байхад олон хүүхэдтэй айл талх боорцгоор л өдрийг авдаг байсан. Одоо ч гэсэн талх боорцог и ргэдийн өдөр тутмын амьдралд чухал хэрэглээ хэвээрээ байгаа. Ялангуяа хүүхдүүдийн сургууль цэцэрлэг амарчихсан байгаа энэ үед хүнсний гол хэрэглээ болсон талхны үнэ нэмэгдэх нь иргэдийн хувьд санхүүгийн дарамт үүсгэж байна. Коронавирус цар тахлаас үүдэн үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлж байгаа гээд хэвлэл мэдээлллийн хэрэгслээр дарга нар яриад байсан. Гэтэл бодит байдал дээр хэрэгжиж байгаа нь цөөхөн юм. Баяр наадмын өдрүүдэээр иргэд боорцог, талхны хомсдолд орсон. үйлдвэрүүд бүгд амарчихсан учраас хөдөө яваагүй хотын иргэд талх, боорцогны эрэлд гарсан. Ойр орчмын дэлгүүрүүдэд боорцог талх олдохгүй, оронд нь аваад идчихмээр ч юм байгаагүй. Нэгэнт олон хоног амрах юм бол наадмын өдрүүдэд боорцог талныхаа нөөцийг ахиухан бэлдэх нь чухал юм байна.
Иргэн Б.Алтансувд
Иргэдийн дундаж цалин бага хэр нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ гэдэг тухай улсын эдийн засагт хүндрэлтэй л үзэгдэл л дээ. Би талх гурилан бүтээгдэхүүн хааяа нэг хэрэглэгдэгч эдийн засгийн чиглэлээр суралцдаг хүн болохоор бага зэрэг сонирхдог юм нэмэгдсэн шалтгаан нь гурилын түүхий эд болох улаан буудайн үнэ нэмэгдсэнтэй холбоотой манай улс 30 гаруй хувийг импортолдог үйлдвэрлэгч биш улс учир үний хөөргөдөл явсаар л байдаг.