Үндэсний их баяр наадамтай зэрэгцээд төрийн түшээд амралтаа авч, аймаг, сумынхаа баяр наадамд уригдсан шигээ морины уяа, бөхийн галаар зочилж, айраг цэгээ эргүүлэн зун цагийг өнгөрөөж буй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ байгаль бохирдуулагч нартай сошиалаар дамжуулан “дайтсаар”…
Өглөө хоёр нүд нээгээд л нүүр номондоо байгаль бохирдуулагчдад хандсан постер оруулж, хог тарихгүй аялахыг уриалсаар буй. Гэвч Монголын үзэсгэлэнт газрууд аялагчдын хөлд нүд халтирам болсон дүр зургийг буулгасан гэрэл зургууд сошиалд хөвөрч, салбарын сайдыг бухимдуулан, “Нуурын эрэгт жорлон байгаагүй гээд бааж шээх ёстой юу. Нууранд тулгаж машинаа тавьж, хоол идэж, хогоо хаяад байх ёстой юу. Машинаа хол тавиад алх. Хоолоо нуураас хол очиж ид. Хандлагаа өөрчил” гэх зэргээр жиргэсэн нь зарим иргэний цухлыг төрүүлж, хатуу хариу ч илгээж байна.
Тухайлбал, Undral Baterdene “Татварын мөнгөөр хэрэгтэй, хэрэггүй хөшөө барьж, хүний НДШ төлж байхаар аялал жуулчлалын маршруутдаа аятайхан дэд бүтэц бий болгочих л доо. Хүн бие засах нь тодорхой биздээ. 00 байхгүй юм чинь засахаас өөр яах юм бэ. Хаана бие засах, хаана хогоо хаяхыг нь л тодорхой ойлгомжтой л болгочих л доо. Монголд зочлох жил гээд сүртэй лоозон уриатай боловч дэд бүтцээ шийдэж чадаагүй, шийдэх мөнгөөрөө үр ашиггүй зарцуулалт, хулгай хийчихсэн тэгээд та нар өөрсдөө алх, өөрсдөө хандлагаа өөрчил гээд байгаа чинь хэр зэрэг шударга юм бэ? Гадаадынхан байтугай дотоодынхон зун болгон хөдөө гараад үр хүүхдээ агаар салхи, уул усанд тоглуулах гэж л явж байхад хэн машины тоосонд дарагдсан тал дээр хоноод нуурлуугаа алхаж очоод байв гэж дээ, бүр 2 км алхаж чаддаггүй 2 цаг таксинд, машинтайгаа зам дээр түгжирдэг улсад шүү! Төсвөө зөв хуваарил, үр ашигтай зарцуул, анх удаагаа ийм юм болж байгаам шиг л байх юм, тэртээ тэргүй олон жил болчихсон, дахиад болох нь ойлгомжтой юман дээр зөв менежментээ л хийчих л дээ” хариу ч дайж байна.
Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд нийт 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан юм. Харин одоогоор 292, 540 жуулчин гадаад орнуудаас ирсэн мэдээг албаныхан өгөөд буй.
Гэхдээ байгаль орчныг сүйтгэж, бохирдуулж байгаа хүмүүс нь дотоодын аялагчид. Зам тээврийн хөгжлийн яамнаас наадмын арван өдөрт нийтдээ 843,416 автомашин хөдөө орон нутагт зорчсоноос 338,327 нь Улаанбаатар хотоос гарсан гэдгийг мэдэгдээд буй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ