"Талим" нэртэй далайн шуурга Хятадын өмнөд хэсгийг дайрч, 230 мянга орчим хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Далайн шуурганы улмаас өнөө өглөө хөрсний нуралт үүссэн бөгөөд эргийн хотуудад хүчтэй шуурч байна. Хүчтэй шуурганаас шалтгаалан олон зуун нислэг, галт тэрэгний үйлчилгээг зогсоожээ.
Далайн шуурга Вьетнамыг чиглэн явж байгаа бөгөөд эргийн хотуудаас 30 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. "Талим" гэдэг нь филиппин хэлээр "илд эсвэл хутга" гэсэн утгатай бөгөөд энэ он гарсаар үүссэн дөрөв дэх далайн шуурга юм.
Үүний зэрэгцээ Атлант болон Номхон далайн бүс нутгуудад ойрын хоногуудад хэт халж байгаа нь далайн гадаргуугийн температур өнгөрсөн дөрөв, тавдугаар сард өндөр байсантай холбоотой гэж эрдэмтэд тайлбарлаж байна.
Улмаар Японы өмнөд хэсэгт өнгөрсөн хоёр хоногт Цельсийн 38-40 градус хүрч халжээ. Хэт халалт Ази, Хойд Америк, Европ даяар үргэлжилж байна.
Тодруулбал, Европ тивийн хамгийн өндөр температур өнөөдөр Газар дундын тэнгисийн төв хэсэгт хүрч, Сардинид Цельсийн 46 градус хүрчээ. Хэт халалт Европт наймдугаар сард үргэлжлэх төлөвтэй байна. Хойд Америкийн тухайд хүний эрүүл мэндэд аюултай хэт халалт долдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ гэдгийг анхааруулжээ. Хятадад ирэх амралтын өдрийг хүртэл агаарын температур Цельсийн 30 градус давж халах бөгөөд бороо орсноор хэт халуун бага зэрэг буурах төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ