Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2023.07.18/ 2023 оны эхний хагас жилийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулж байна.
ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч:
-2023 оны эхний хагас жилд нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагчид 2,3 сая болж өнгөрсөн оны мөн үеэс 43,8 мянгаар буурчээ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдыг авч үзвэл:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 62,1 хувь
- Тэжээгч нь нас барсан хүүхэд 27 хувь
- Ахмад настан 10,7 хувь
- 0,2 хувь 16 насанд хүрсэн одой иргэн байна.
Харин эзлэх төрлөөс нь харвал хүүхдийн мөнгөн тэтгэмж 51,2 хувь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж үйлчилгээ 12,6 хувь, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх 9,5 хувь, бусад нь 26,7 хувийг тус тус эзэлж байна.
ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ 90 ХУВИАР БУУРЧЭЭ
Халдварт өвчнөөр өвдсөн хүний тоо энэ оны эхний хагас жилд 25,3 мянга болж, өнгөрсөн оны мөн үеэс 90,2 хувиар буурсан.Уг бууралтад Covid-19-ийн тохиолдлын тоо буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин энэ оны эхний хагаст гар хөл амны өвчин, салхин цэцгээр өвдөх тохиолдол нэмэгдсэн.
Мөн ДОХ-ын вирусын 12 тохиолдол батлагдсан бөгөөд өмнөх оноос зургаагаар илүү тохиолдол бүртгэгдэж байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний зургаан сард 775,4 тэрбум төгрөг болж өнгөрсөн жилийн мөн үеэс 52,1 тэрбумаар өссөн. Харин зарлага 796,9 тэрбум болж 255,2 тэрбумаар буурчээ. ЭМД-д даатгуулагчдын тоо 3,5 сая болж 4,6 мянган хүнээр буурсан байна.
10,6 ХУВИЙН ИНФЛЯЦИД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ГОЛЛОН НӨЛӨӨЛСӨН
Энэ оны зургадугаар сард инфляци 10.6 хувь гарчээ. Үүний 5,1 нэгж буюу 48,3 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Инфляцид импортын барааны үнэ 35.8 хувиар нөлөөлж байгаа аж.
Нэмж мэдээлэхэд инфляц тавдугаар сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарсан юм.
Мөнгөний нийлүүлэлт энэ оны зургадугаар сарын эцэст 31,4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3,8 их наяд төгрөгөөр буюу 13.8 хувь өссөн. Үүнд
- Төгрөгийн харилцах 2,1 их наяд төгрөгөөр
- Валютын хадгалам 669,5 тэрбум төгрөг буюу найман хувиар өссөн нь голлон нөлөөлсөн.
Төгрөгийн хадгаламж зургаадугаар сарын эцэст 14,4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4,1 хувиар өссөн байна. Төгрөгийн хадгаламжийн тухайд:
- 87,3 хувийг иргэдийн хадгаламж
- 12,3 хувийг аж ахуй нэгж байгууллагын хадгаламж эзэлж байна.
Мөн чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 112.3 тэрбум төгрөгөөр буюу 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.