Зуны дэлгэр цаг дуусах дөхөж, задгай талбайн шоу тоглолтууд ч хаалтаа хийх дөхөж буй. Тиймээс ойрын хугацаанд буюу найм, есдүгээр сард болох тоглолт үзвэр, үйлчилгээний хуваарийг танилцуулж байна.
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МӨСӨН ӨРГӨӨНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Жюү жицүгийн насанд хүрэгчдийн болон мастерс ангиллын ХХ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-20-нд мөсөн өргөөнд болж буй. Тус тэмцээнийг Засгийн газрын "Монголд зочлох жил"-ийн хүрээнд нийслэл хотын "City of Nomad" үзэл баримтлалтай нийцүүлэн монгол үндэсний өв соёлыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 60 гаруй орны 1200 орчим тамирчин, зочид оролцож байгаа аж.
Тус тэмцээнийг үзэх тасалбарын үнэ 10 мянган төгрөг.
ТЭРЭЛЖИД АРДЫН УРЛАГИЙН ТОГЛОЛТ ӨДӨР БҮР БОЛЖ БАЙНА
Ардын урлагийн өв соёлыг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах өдөр жилд тоотой хэдхэн буй. Үүний нэг баяр бол наадам. Баяр наадмын дараа олон хоногийн амралтыг гадаадын иргэд төдийгүй дотоодынхон ч ихээр сонирхдог. Тэгвэл энэ өдрүүдэд хотоос холгүй буюу Тэрэлжийн бүсэд "Тэрэлж номадик" үндэсний урлагийн тоглолт болж байна.
Ардын урлаг, өв соёлын тус тоглолт өдөр бүр 11:00, 14:00, 17:00 цагт Горхи тэрэлжийн цогцолборт болж буй.
Тасалбарын үнэ 98 мянган төгрөг бөгөөд тоглолтод хатдын бүжиг, уртын дуу, морин хуур, цамын бүжиг, үндэсний цөөхүүл, хөөмий, уран нугаралт, зэрэг ардын урлагийн цогц үзүүлбэртэй аж.
ДИНОЗАВР ФЕСТИВАЛЬ 2023 ЭНЭ САРЫН 29, 30-НД БОЛНО
Монгол нутагт палеонтологийн хайгуул, шинжилгээ явуулж эхэлсний 100 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс анх удаа "Динозавр фестиваль"-ийг энэ сарын 29-30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Баянзагт зохион байгуулахаар болжээ.
Энэ арга хэмжээгээр дамжуулан мэргэжлийн байгууллагын зүгээс палеонтологийн хайгуул, судалгааны хүрээнд олж авсан мэдлэг мэдээллээ соёл урлагтай хослуулан сонирхогч, аялагч, жуулчдад тусгай хөтөлбөрийн хүрээнд хүргэх юм байна.
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд болох “Динозавр фестиваль”-ийн үеэр Баянзаг орчмоос олдсон ноцолдож байгаа үлэг гүрвэлийн олдвор, өндгөө дарсан олдвор, мөн өндгөн дотроо чулуужсан үр хөврөл зэрэг үзмэрүүдээр явуулын музей зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тасалбарын хувьд 150 мянгаас 1,5 сая төгрөгийн үнэтэй байна.
Динозаврын түүхэн олдворын үзэсгэлэнгээс гадна лазер болон дижи шоу, тэмээн жингийн цуваа, бяцхан малтагч хүүхдийн хэсэг, үндэсний урлагийн тоглолт, динозаврын ангуучидтай шөнийн отог, тусгай аялал зэрэг танин мэдэхүйн сонирхолтой арга хэмжээ болох юм.
26-НД ЗАВХАН ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ БОЛНО
Монголын ууган дөрвөн аймгийн нэг болох Завханд энэ сарын 26-нд задгай талбайн хөгжмийн фестиваль болно. Тасалбарын үнэ 25-50 мянга бөгөөд задгай талбай учир хүний тоо хязгааргүй байна. Тус тоглолтод амьд хөгжим, хип хоп, трап зэрэг бүхий л төрөл жанрын дуу, хөгжим эгшиглэх юм.
Насны ангилал 14-өөс дээш бөгөөд нийт есөн цагийн шоу тоглолт.
МОНГОЛЫН САЙХАН ОРОН САР ДУУСТАЛ ТОГЛОГДОНО
Орон нутагт гэлтгүй хотдоо ч урлагийн тоглолт үзэж эх орон, өв соёлоороо гангарах боломжтой. Тухайлбал, Үндэсний урлагийн их театраас Улсын дуурь бүжгийн эрдмийн энэ сарыг дуустал тоглогдох юм.
Концерт 15-50 мянган төгрөг бөгөөд 80 минут үргэлжлэх хугацаатай.
Өдөр бүр 17:00 цагаас тоглолт эхлэх учир тоглолтоос 30 минутын өмнө ирэх шаардлагатай аж.