Энэ жилийн Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёрын даваанд Улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Д.Алтанцоож, долоогийн даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан идэвхээр хасах дүрмээр шийдэгдсэн юм. Тэгвэл тус дүрмийн өөрчлөлтөөр хэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 05-ны /2023.07.05/ хуралдаанаар баталсан. Ингэснээр:
Тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтууд орсон юм.
- Барьцгүй барилдаан – 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ.).
- Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан – 20 минут. (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана.)
- Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
- Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэнэ.
Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана.
С.МӨНХБАТ: НУХАЦТАЙ БОДОЖ, ЗӨВЛӨЛДӨЖ ШИЙДЭХ НЬ ЗҮЙТЭЙ
Монгол Улсын аварга С.МӨНХБАТ:
-Миний хувьд энэ асуудал дээр яг нэг талын байр суурь баттай биш байна. Аливаа юм цаг хугацааны эрхээр хөгжлийн олон шат дамжлага дамждаг. Энэ талаас нь харвал цаг хугацаа хэмнээд бөхийн дүрэм журам хувьсаж өөрчлөгдөх ёстой ч юм болов уу гэж бодогдох юм. Хувьсал өөрчлөлтийг дүрэм, журамтайгаа нягт уяж өгвөл үзэгдийг татах, илүү олон залуучуудыг үндэсний бөхөөрөө хичээллэх, үндэсний бөхийнхөө жудаг ёсыг ойлгох, хүндлэх бахархах юм болов уу гэж санагдах. Эцсийн эцэст монгол бөх бол үнэн хүчийг үзэж, үзэгчдийг баясгах гэж байгаа спорт. Тиймээс үзэгч юунаас тэр баяр баяслыг авч байнэ гэдгийг бодох л ёстой. Хамгийн гол нь Үндэсний бөхийн дүрмийн өөрчлөлтийг тулгаж хийсэн нь бөхчүүдийн дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгаад байна.
Цаг хугацаа гэдэг үнэтэй болсон орчин үед хүн бүр хонон, өнжин барилдаад, үзэгчдийг уйдаагаад байвал энэ спортыг үзэх үзэгчдийн тоонд яаж нөлөөлөх вэ гэдгийг бодох л ёстой. Нөгөө талаас Үндэсний бөхийн өөрийнх нь бас нэгэн үнэт зүйл нь хаяж, унахад оршиж байдаг. Тийм учраас энэ үнэт зүйлийг байхгүй болгож байгаа нь бас харамсалтай.
Үзэгчээ уйдаахгүй цаг үетэйгээ хамт урагшилна гэдэг бол техник технологийн хөгжил, мэдээллийн их эрэн зуун, олон төрлийн спорттой өрсөлдөж уран мэхийг яаж уралдаж хийдэг болох вэ гэдгийг бодох л ёстой. Барьц сонгодог болсноор бөхчүүд уралдаж таргаж, үндэсний бөх улам л үзүүшгүй болж, барьц сонгохыг хүлээдэг болсон. Жин ихтэй, өндөр нуруутай бөхчүүд үүнийг давуу тал болгож ашигладаг байсан. Дахиад дүрэм өөрчлөгдөж идэвхээр давуулна гэхээр идэвхи гэдгийг ямар, ямар шалгуураар тооцож үзэх вэ гэдэг нь маргаантай асуудал хэвээр байна. Том биетэй бөх жижиг биетэй бөхийг хөөгөөд байх, эсвэл баригдахгүй жижиг хүн том биетэй хүнийг хөөж барилдаад байвал түүнийг идэвхи гэж харах юм уу. Монгол бөхөд ухарч барилдах нь идэвхигүй барилдсан гэх ойлголт бас биш л дээ. Уран мэхийг уралдуулахаас гадна, заль мэх, тэвчээр, хатуужил гэх мэт олон зүйл энэ спортод агуулагдаж байдаг. Тиймээс хасч байгаа дүрэм нь монгол бөхийнхөө үнэт зүйлийг үгүйсгэж байгаа тал ажиглагдаж байна. Бөхийн дүрмийн өөрчлөлтөд ямар өөрчлөлт, яагаад оруулж байгаа талаараа бөхчүүддээ бүрэн гүйцэт ойлгуулж, таниулж, сурталчилахгүй байна. Бөхийн холбоо бөхчүүдтэйгээ уялдаа холбоотой ажиллах, ойр ажиллах нь чухал байна. Бөхчүүд байж монгол наадам аятайхан сайхан болж, тэднийг харах гэж наадамчин олон цугладаг болохоос хэдэн дарга нарыг харах гэж цуглардаггүй. Сүүлдээ бөхчүүдэд суух суудал ч олдохоо больсон. Урдуур нь олс татаад, тор татаад цагдаа нар зогсчихдог. Ганц нэг улсын том цолтой бөхчүүд урагшаа ороод суух гэхээр цагдаа нар хөөгөөд, янз бүрээр дарамтлаад байдаг. Монгол бөхийг улам л үнэ цэнгүй болгож байна л даа. Миний хувьд асуудлыг хоёр талаас нь харж хэрхэн тэнцүүлэх вэ гэдгийг харж сууна.
Бөхчүүд улсын наадамд барилдахын тулд 365 хоног бодож, төлөвлөж, түүний төлөө хөдөлмөрлөж сурч боловсрох, ажил хөдөлмөр хийх, ар гэрээ золиосолж байдаг. Нэг бөхийн ар гэр, үр хүүхэд ямар их сэтгэлийн шаналал, дарамтан дунд амьдардагыг бид бүгдээрээ харлаа. Бөхөөр хичээллэж байгаа хүн бүрт яг ийм бэрхшээл ижилхэн тулгардаг. Тиймээс нухацтай бодож, зөвлөлдөж байж шийдэх нь зүйтэй.
М.БАДАРЧ: ХАР ХОРГҮЙ ХАЯЛЦЧИХВАЛ ДАВСАНДАА Ч УНАСАНДАА Ч ГОМДОЛГҮЙ БАЙХ
Монгол Улсын арслан М.БАДАРЧ:
-Бөхийн салбар хорооноос шийдэж дүрмэнд өөрчлөлт оруулсан юм шиг байна лээ.Би сайн мэдэхгүй л байна. Нэг талаас бөхийн барилдааны үйл явцад шинэчлэлт оруулаад зүгээр ч юм шиг санагдах юм. Нэгэнт батлагдчихсан дүрэм журмыг мөрдөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэж ойлгосон. Хамгийн гол нь уг өөрчлөлтөө оруулахын өмнө бөхчүүдийн саналыг авсан эсэхийг мэдэхгүй байна.
Хэсэг бүлэг хүмүүс дур мэдэн шийдвэр гаргасанд асуудлын гол нь байгаа юм шиг санагдаж байна. Нөгө талаас ганцхан улсынхаа их баяр наадмаар бөхчүүд цолоо ахиулах, амжилтаа ахиулах боломжтой байдаг. Тийм учраас хүний бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж болохгүй байх.
Хар хоргүй хаялцчихвал давсандаа ч унасандаа ч гомдолгүй байх. Өвдөг шороодоогүй хүн тахимаа өгөх хэцүү шүү дээ. Тиймээс наадамчин олныхоо өмнө үнэн хүчийг үзчихсэн нь дээр байх. Цагтаа гурван цаг барилдаж байсан ч тохиолдол гарч л байсан гэдэг шүү дээ. Гэхдээ тийм удаан барилдах тохиолдол ер нь бол ховор. Тийм учраас ганц нэгхэн тохиолдолоо хүлээцтэй байгаад уран мэхийг нь уралдуулаад шударга барилдуулчихсан нь дээр санагдаж байна.
Н.ЖАРГАЛБАЯР: БӨХЧҮҮД ШИНЭ ДҮРМИЙН ТАЛААР МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ХОМС БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА
Монгол Улсын заан Н.ЖАРГАЛБАЯР:
-Миний хувьд хоёр бөх үнэн хүчийг үзэж аль нэг нь өвдөг шороодох нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байна. Монгол бөхийн барилдааны өв уламжлал, түүх соёлыг аваад үзэхэд ч маргаангүй ялалт байх нь өөрөө хэн хэндээ амар байх. Энэ асуудлыг олон талаас нь авч үзэх нь зөв гэж бодож байна. Үнэн хүчийг үзье гэв ээ гэдэг бол зүгээр ч нэг уриа лоозон төдий зүйл биш. Тийм учраас хаяж, халалцах нь чухал. Эрийн гурван наадамд эр бяртай нь давах учиртай. Хэн хэнийх нь бүтэн жилийн хөдөлмөр наадмаар дүгнэгддэг. Хоёулаа бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн бол барилдаан удаан үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Тийм байхад дүрмэнд шууд өөрчлөлт оруулсан нь буруу л гэж бодож байна. Миний хувьд энэ жил бэртэл гэмтэлтэй байсан учраас заалны барилдаанд төдийлөн их барилдаагүй. Тийм учраас уг дүрмийн өөрчлөлтийн талаар мэдээлэл сайн аваагүй байна.
Ер нь ямар нэгэн байдлаар бөхийн дүрмэнд өөрчлөлт оруулж байгаа бол түүнийгээ бөхчүүдэд тайлбарлаж, таниулах асуудлыг орхигдуулж болохгүй л дээ. Бөхчүүд шинэ дүрмийн талаар мэдлэг, мэдээлэл хомс байгаа нь харагдаж байна.