Өмнөд Солонгос улсын төв хэсгийн Осон хотод автозамын туннель үерийн усанд автсанаас 17 автомашин живсэн. Улмаар аврах ажиллагааг явуулснаар өчигдөр нийтдээ таван цогцсыг олж гаргаснаар хохирогчдын тоо 14-д хүрсэн байна. Цогцсыг нь олж гаргасан хүмүүсийн дунд туннельд живсэн автобусны жолооч байв. Өмнөд Солонгосын албаныхан сүүлчийн хохирогчийн цогцсыг олж гаргах хүртэл аврах ажиллагааг зогсоохгүй гэж мэдэгдсэн.
Тус улсад өнгөрсөн Бямба гаригаас хойш үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер, хөрсний гулгалт үүссэнээс улсын хэмжээнд нийтдээ 50 хүн амь үрэгдэж, сураггүй болжээ. Хохирогчдын олонх нь буюу 19 нь Хойд Кёнсан мужийн иргэд гэдгийг Гамшиг, аюулгүй байдлын эсрэг тэмцэх төв штабаас мэдээлэв. Түүнчлэн есөн хүнийг сураггүй болсон гэж ар гэрийнхэн нь мэдээлсэн бол 34 хүн гэмтэж бэртжээ.
Үерийн бүсээс 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлснээс 2473 өрхийн 4348 хүн гэртээ буцан очих боломжгүй, түр хоргодох байранд байсаар байна.
Өмнөд Солонгосын төв хэсгээр долдугаар сарын 9-нөөс хойш 500 мм гаруй хур тунадас орсон бол Өмнөд Чунчон мужийн Гонгжу хотод 626 мм, ойролцоох Чонгян мужид 614 мм, Сэжун хотын төв хэсэгт 580 мм, Хойд Кёнсан мужийн Мунгён хотод 522 мм бороо оржээ.
Цаг уурын агентлагаас Даваа гарагийн өглөө Чунчон муж, өмнөд бүс нутаг, Чежү аралд аадар бороо орохыг анхааруулж байгаа бөгөөд Жолла муж болон ойр орчмын газруудад салхины хурд 40 мм/цаг хүрч болзошгүй гэж мэдэгдэв.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP