Уяачдын наадам эхлэхтэй зэрэгцэн, Хүй долоо худагт байрлах Тод манлай уяачийн гэрээс хоёр эмээл, хазаар, зааны яасан хөөрөг, жижиг мөнгөн аяга, Тод манлай уяачийн зэндмэнэ эрдэнийн оройтой малгай зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан тухай дуулиан дэгдэж, сошиал ертөнцийг шуугиулсан. Тэгвэл эдгээр зүйлсийг алдсан хүн нь Монголын морин спорт уяачдын холбооны анхны тэргүүн Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх аж.
Тэрбээр эцгээсээ өвлөж ирсэн эмээл хазаарыг олж өгсөн хүнд иж бүрэн тавилгатай хоёр өрөө байр амлаад байна. Энэ тухайгаа Тод манлай уяач П.Энхмөнх “Ааваас минь өвлөн ирсэн эмээл, хазаар хоёрыг л бүрэн бүтэн олчих юмсан. Үлдсэн нь ч дүүрч. Олж өгсөн хүнд нь бүрэн тавилгатай 2 өрөө байр авч өгье. Та бүхэн олонд түгээж өгч тус болно уу" гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдэв.
Эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шалгаж буй аж.
Наадмаар хулгай гарах тохиолдол бий ч уяачийн гэрээс эд зүйлс алдагдсан дуулиан дэгдэж байсан нь тун ховор. Харин өнөө жилийн наадмаар уяачдын галд гарсан хулгай нь ойр тойрных нь хүмүүс байх вий гэдэг сэрдлэгэ дагуулсан хэвээр байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ