Хуучирсан мэдээ: 2023.07.18-нд нийтлэгдсэн

Долларын дайн

Олон улсын худалдаанд аль валют ноёрхохыг шийдэх "тулаан" эд өрнөж байна. Зөвхөн америкчууд ч биш дэлхийн бүх улс худалдаа наймаагаа ам.доллараар хийдэг байсан үе өөрчлөгдөх эсэх нь валютын дайнаас шалтгаална.

Америк ногоон өнгөрсөн 100 гаруй жилийн турш дэлхий даяар мөнгө, барааны урсгалыг хөнгөвчлөхөд тусалсаар ирсэн. Нефтийн худалдаа, улс орнууд засгийн газрын бонд зэргийг ихэвчлэн ам.доллараар хэмждэг бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн найдвартай төлбөрийн хэрэгсэл болдог. Өнгөрсөн жил хориг арга хэмжээ авч, Оросыг дэлхийн санхүүгийн системээс хассанаар ам.доллар хэчнээн нөлөөтэй болохыг хүн бүрт харуулсан. Гэвч ам.долларын "хаанчлал"-д төгсгөл ирснийг мэргэжилтнүүд анхааруулах болов.

Улс төр, эдийн засгийн байдлаас үүдэн Израиль, Францаас эхлээд Орос, Хятад зэрэг улс орнууд ам.доллараас өөр валютаар бизнес эрхлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлж байна.

Юань, иен, евро зэрэг валютууд дэлхийн нөөцийн санд эзлэх хэмжээ нэмэгдэж байгаа тул Төв банкууд ам.доллараас ямх ямхаар холдож эхэлжээ. Сүүлийн хэдэн арван жилд ам.доллараар хийгдсэн санхүүгийн гүйлгээний хувь буурч, улс орнуудын бэлэн мөнгөний нөөцийн ам.доллараар хадгалагдаж буй хувь хэмжээ багасч байна. Эдгээр өөрчлөлтүүд нь анхаарал татахуйц боловч ам.долларын давамгайлал удахгүй дуусна гэсэн үг биш  гэдгийг Стэнфордын санхүүгийн профессор Чензи Сюгийн хэлжээ. Ам.долларын давамгайлал нэг шөнийн дотор  арилчихгүй ч санхүүгийн системд бодит өөрчлөлтүүд гарч байгааг үл тоож болохгүй. Хэрэв АНУ валютын зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалахыг хүсвэл ам.долларын нөлөөг сэргээх арга хэмжээ авах хэрэгтэй.

ДОЛЛАРЫН "УРТ ГАР"

Сүүлийн таван зуун жилийн хугацаанд цөөхөн хэдэн улс л дэлхийн санхүүгийн гүйлгээ хийхэд ашигладаг үнэт цаас буюу дэлхийн нөөц валютыг гаргасан. Дэлхийн нөөцийн валют болоход хамгийн чухал хүчин зүйл нь итгэлцэл. Голландын гульдер, Францын франк эсвэл Британийн фунт-стерлинг байсан ч хүмүүс тухайн улсын засгийн газрын дэмжлэгтэй мөнгөн тэмдэгтийн үнэ гүйлгээний жишиг болохуйц тогтвортой байна гэдэгт итгэх нь чухал юм. Гэвч улс төрийн тогтворгүй байдал эсвэл эдийн засгийн удаан үргэлжилсэн уналт нь аливаа мөнгөн тэмдэгтийн найдвартай байдлыг алдагдуулдаг. Тиймээс сүүлийн 102 жилийн турш АНУ-ын мөнгөн тэмдэгт "валютуудын хаан" байсаар ирсэн. Мөн дэлхийн эдийн засгийн даяаршсан шинж чанар нь ам.доллар өмнөх нөөц валютуудаас илүү хүчирхэг статустай болгожээ. Энэхүү "хэт давуу эрх" нь АНУ-ыг санхүүгийн тэгш бус тогтолцоонд байрлуулж, худалдааны томоохон ашиг тусыг өгч, бусад үндэстний эдийн засгийн хэлбэлзлийн цохилтыг хаадаг.  Тиймээс АНУ-ын долларын нийлүүлэлтийг хэвлэх, хянах үүрэгтэй Холбооны нөөцийн сан маш чухал үүрэг, нөлөөтэй гэсэн үг юм. Дэлхийн бусад улс орнууд Европын төв банк, Хятадын Ардын банк илүү бодлого шийдвэртээ анхаардаг. Лазардын зах зээлийн ахлах стратегич Рон Темпл  хэлэхдээ, ам.доллар зуу гаруй жилийн турш хууль дээдлэх ёс, тогтвортой зах зээлийн ачаар ийм өндөр түвшинд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход тусалсан гэж тайлбарлажээ.

Олон улсын валютын сангийн мэдээлснээр өнөөдөр олон улсын нөөцийн 60 орчим хувь нь ам.доллараар илэрхийлэгдсэн хөрөнгөд хадгалагдаж байгаа бөгөөд энэ нь арилжаанд хамгийн их ашиглагддаг валют. Олон улсын төлбөр тооцооны банкны мэдээллээс харахад, ам.доллар олон улсын худалдааны нийт гүйлгээний 88 орчим хувийг эзэлж байна.

Нөөц валют хэр их эргэлдэж байгааг мэдэх сайн шалгуур бол санхүүгийн хямралын үед юу тохиолдохыг харах явдал юм. Өнгөрсөн зуунд хөрөнгө оруулагчид ам.доллар руу хөрвүүлэх боломжтой хөрөнгийг хамгийн ихээр сонирхож ирсэн.

Хятад, Саудын Араб зэрэг орнууд АНУ-ын энэ байр сууринд хүрэхийн тулд чадах бүхнээ хийж байна гэж "Eurasia Group" зөвлөх фирмийн шинжээч Грегори Брю тайлбарлаж байна. Гэхдээ хямралын үед ам.доллар  хамгийн шилдэг валют гэж үзэхээ болих хүртэл тэргүүн байр сууриа алдахгүй. Гэсэн  ч дэлхийн нөөцийн валютыг хянадаг улс энэ статусыг дунджаар 94 жил эзэмшиж байгаа тул залгамж халааг авах цаг болсныг түүх харуулж байх шиг байна. Тиймээс цаг хугацаа урт байж болох ч ам.долларыг бууруулах тухай яриа нь шинэ хөдөлгөөн өрнөж болзошгүйг нотолж байна.

Ам.доллараар хадгалагдаж буй дэлхийн нөөцийн эзлэх хувь 2022 онд огцом буурч, сүүлийн 20 жилийн жилийн дундажаас бараг 10 дахин багассан байна.

2003 онд ам.доллар дэлхийн нөөцийн бараг гуравны хоёрыг бүрдүүлдэг байсан ч  47 хувь хүртэл буурсан юм. Ам.долларын ханшийн олонх өөрчлөлтийг улс төртэй холбон тайлбарлаж болно. Хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн хэдэн 10 жилд томорч, илүү боловсронгуй болсон нь ам.доллар болон Холбооны нөөцийн сангаас хамааралтай санхүүгийн орчинд үлдэх шалтгааныг бууруулжээ. Орос, Хятад зэрэг дэлхийн бусад гүрнүүд ч дэлхийд ноёрхох хүсэлтэй. АНУ-аас Москвагийн хэдэн зуун тэрбум ам.долларын нөөцийг царцаахдаа "ногоонийг  үнэхээр зэвсэг болгож ашиглаж болно" гэдгийг бусад улс орнуудад харуулсан.

Хятад улс АНУ-тай геополитикийн нөхцөл байдал хурцадсан энэ үед өөрийгөө хамгаалах арга зам болох юанийг олон улсын худалдаанд нөлөө бүхий байр суурьд хүргэх гэж үзэж байна. Хятадын юань дэлхийн нөөцийн мөнгөн тэмдэгтийн 3 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг ч 2016 оноос хойших худалдаанд ашиглагдах байдал нь бүх мөнгөн тэмдэгтээс хамгийн хурдан өсөлттэй байна. Хятадын юаниарСаудын Араб, Франц, Бразил, Энэтхэг, Пакистан, Боливи, Ирак болон бусад улсууд худалдаа наймаа хийж, хийхээр төлөвлөж байна. Мэдээж, эдгээр худалдаа наймаа  нийт м.долларын гүйлгээний өчүүхэн хувийг бүрдүүлдэг ч шинэ чиг хандлага бий болгож байна.

Ам.долларын ханшид өөр олон аюул заналхийлж байна. Тухайлбал, дижитал валют, АНУ-ын хориг арга хэмжээний гэнэтийн хариу урвал, тэр ч байтугай Холбооны нөөцийн сан өөрөө асуудал болох ч үе байна. Атлантын зөвлөлийн ахлах захирал Жош Липски хэлэхдээ, Холбооны нөөцийн сан сүүлийн жил хагасын хугацаанд хүүгээ түрэмгий нэмсэн нь хөгжиж буй олон улс болон АНУ-ын хоорондох валютын ханшийн зөрүүг нэмэгдүүлсэн. Үүнийг дагаад бусад орны өр ч илүү үнэтэй болж байна. Ам.доллараас татгалзах нь инфляцид бага зэрэг нөлөө үзүүлнэ. 

ЭХ СУРВАЛЖ: THE BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж