Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт голын усны түвшин нэмэгдэж, хотхон, хороолол руу ус нуурлаж үерлэсэн. Тиймээс тус дүүргүүдийн цагдаагийн газраас эрсдэлтэй бүсэд байгаа олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болон худалдааны зарим төвийн үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногоос түр зогсоогоод буй. Хэрэв эрсдэл нэмэгдвэл хязгаарлалтыг сунгах бөгөөд эхний ээлжид нэг долоо хоногт үйл ажиллагааг нь зогсоожээ. Гэвч үерийн улмаас учирсан хохирол их байгаа учраас худалдааны төв болон хүүхдийн парк ариутгал халдваргүйтгэл хийсний дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
Хэдийгээр усны түвшинг харгалзаж энэ долоо хоногт нөхцөл байдал хэвийн болбол ариутгал хийж парк, бусад худалдааны төвийг нээхээр төлөвлөсөн ч учирсан хохирол их учир хугацааг нь хойшлуулаад байгаа аж.
Парк болон худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд эхнээсээ мэдэгдэл гаргаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааг хязгаарласан өдрүүдэд ажиллахгүй бөгөөд зогсоол, нийтийн эзэмшлийн зам талбайд хүн нэвтрүүлэхгүй болохыг мөн онцолсон. Хүүхдийн паркаас өнөөдөр мэдэгдэл гаргасан бөгөөд тус мэдээлэлд "Парк үерт автаж, ихээхэн хор хохирол амсаад байна. Үерийн дараах ус зайлуулах, бүрэн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл, тоглоом, техник нэг бүрийн аюулгүй ажиллагааг шалгах зэрэг ажил хийж байгаа тул үйлчлүүлэгч та бүхнээсээ үүсээд буй нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандахыг хичээнгүйлэн хүсье" гэжээ.
Холбоотой мэдээ