"Төв банк гадаадын хөрөнгө оруулалтад үргэлж нээлттэй хандана"

Хуучирсан мэдээ: 2023.07.17-нд нийтлэгдсэн

"Төв банк гадаадын хөрөнгө оруулалтад үргэлж нээлттэй хандана"

"Төв банк гадаадын хөрөнгө оруулалтад үргэлж нээлттэй хандана"

Арилжааны 5 томоохон банк хувьцаагаа олон нийтэд нээлттэй амжилттай арилжаалж (IPO) дууссантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй банк санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.


-Гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч банкнуудын IPO-д оролцлоо. Монголын банк, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ялангуяа мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд гадаад, дотоод ялгаагүй бүгд л урт хугацааны тогтвортой өгөөжийг эрэлхийлж байгаа болов уу. Олон улсын зах зээл төдийгүй Монголд ч маш олон хөрөнгө оруулалтын боломж, сонголт байхад банкны салбарыг сонгож итгэж мөнгөө хийж байна гэдэг нь бидний талаарх ойлгомжтой бөгөөд тодорхой мессеж, үнэлгээ өгч байна гэж харж байгаа.

Хөрөнгө оруулагчид мэдээж банкнуудын бизнес загвар болон өрсөлдөх чадвар, зээлжих зэрэглэлийн үнэлгээ, зохицуулалтын орчин гээд олон хүчин зүйлийг харгалзсаны үндсэн дээр шийдвэрээ гаргадаг. Монголбанк салбарын зохицуулагч, бодлого тодорхойлогч байгууллагын хувьд хуулиар “санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах” үүрэгтэй. Үүний цаана нэн тэргүүнд арилжааны банкнуудыг санхүүгийн хувьд эрүүл байлгах зорилт яригдана. Тэгж байж л хадгаламж эзэмшигчдийг хамгаалах, салбарыг тогтвортой байдлыг хадгалах, хөрөнгө оруулалтыг дуудах боломжтой болно. Төв банк үүнийг том зургаар нь харж, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад нэн чухал дэд бүтцүүдийг нь хийж өгөх, банкны салбарт шаардлагатай реформуудыг хийх, хяналт шалгалтын тогтолцоогоо тогтмол сайжруулахад онцгой анхаарч ирсэн. Тухайлбал, IPO гэхэд банкнууд засаглал, өмчлөлийн хэлбэртээ шинэчлэл хийснээр илүү нээлттэй болж, олон нийтийн хяналтад орж байгаа хэрэг юм.

-IPO банкны салбарт ямар ач холбогдолтой үйл явдал болсон бэ?

-Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж эхлэхдээ 1991 онд төв банк – арилжааны банк гэх 2 шатлалтай банкны тогтолцоотой болсон нь түүхэн реформ байсан. Харин одоо 30 жилийн дараа системийн хамгийн том банкнууд олон нийтийн өмчлөлд шилжиж эхэлсэн нь дараагийн реформ буюу 2 дахь хувьсгал гэж нэрлэж болох байх. Энэ бол банкны салбарын  дараагийн 30 жилийн түүхийн эхлэлийг тавьж буй чухал явдал боллоо. Энэ утгаараа банкны харилцагч, зохицуулагч, хөрөнгө оруулагчийн хувьд онцлох үе, цаг хугацаа юм.

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жил болсон ч санхүүгийн салбарт гаднын хөрөнгө оруулагч орж ирэх нь цөөн, гадаадын банк орж ирээгүй л байна. Монголбанкыг банкнуудын лоббид автлаа, эсвэл хөрөнгө оруулалтыг боож хаалаа гэж буруутгах өнцөг ч байна. Энэ тал дээр Төв банк ямар ажил хийж байна вэ?

-Монголбанк хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй, харин ямар ч хөрөнгө оруулагч мөнгөө оруулахад итгэлтэй эрүүл, тогтвортой банкны салбарын төлөө л ажилладаг. Ялангуяа олон улсын захаас хөрөнгө оруулалт татах нь өөрөө Монгол Улсын нэр хүнд, валютын дотогшлох урсгал, нөөц, төгрөгийн тогтвортой байдал гээд олон зүйлд эерэг нөлөөтэй. Хөрөнгийн орох урсгалаас гадна дагаж орж ирэх мэдлэг, бизнесийн соёл, туршлага гээд мөнгөөр хэмжигдэхгүй үнэт зүйлс ч их. Иймд гаднын нэр хүнд бүхийн банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулъя гээд хүсэлтээ тавихад Төв банк өөрийн үйл ажиллагаа, зохицуулалтын хүрээнд нээлттэй хандана. Монголын санхүүгийн сектор олон улсын захтай холбогдох тусам л хөгжлийн шинэ шат ахих учраас ийм санаа санаачилгыг бүрэн дэмжиж ажиллана. Мэдээж зохицуулагч байгууллагын хувьд эрсдэлийг ч мөн тооцоолно.

Нөгөө талаас, яагаад өнгөрсөн 30 жилд бидний хүссэн шиг хөрөнгө оруулалт орж ирсэнгүй вэ гэдэг дээр мэдээж олон шалтгаан бий. Нэг том шалтгаан нь манай дотоодын зах зээлийн хэмжээтэй шууд холбоотой. Манай аж ахуйн нэгжүүдийн бизнес, иргэдийн орлогын түвшин томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах хэмжээнд хүрээгүй байна. Монголын нийт хүн ам, худалдан авах чадварыг харьцуулаад үзэхээр 10-20 сая өндөр орлоготой оршин суугчтай дэлхийн томоохон хотуудын нэг дүүргээс бага байна, нийт 14 тэрбум долларын хэмжээтэй эдийн засаг маань дундаж компаниас жижиг байгаа нь бодит байдал юм. Дээр нь далайд гарцгүй тул тээврийн зардал өндөр. Иймд “гаднаас хөрөнгө оруулаад үйлдвэрлээд, дотоодын зах зээлд зарах эсвэл гадагш нь экспортолдог” бизнес загвар болон ажиллахгүй мэт харагдана. Хэдийгээр  Уул уурхайн том төслүүдийн хувьд хөрөнгө оруулагчид шууд олон улсын зах зээл дээрээс оролцох боломжтой тул заавал орж ирье гэхгүй байна. Санхүүгийн салбарыг аваад үзэхэд, олон улсад нэр хүндтэй хэд хэдэн банк эхлээд төлөөлөгчийн газраа нээгээд дотоодын зах зээлийг судалж үзсэн ч нэмж хөрөнгө оруулаад салбараа нээгээд өргөн хүрээнд бизнесийн үйл ажиллагаагаа явуулах шийдвэрт хүрээгүй л байна. Гэхдээ бид саяхан “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай” хуультай болсон. Ингэснээр томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх бизнест сонирхолтой гаднын хөрөнгө оруулагч нарт шинэ боломжийг нээж өгөх зорилготой юм. Энэ зорилго удахгүй биелэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Гаднын хөрөнгө оруулагчийн нүдээр харахад зөвхөн банкны салбар гэхээсээ нийт Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар, эрсдэлийг харж байж шийдвэрээ гаргах байх. Гэтэл Монгол Улсын өрсөлдөх чадвар IMD World Competitiveness ранкт 64 орноос 62-т жагсаж сүүл мушгилаа гэх мэт мэдээ ч явж байна шүү дээ?

-Нэгт, мэдээж аль ч хөрөнгө оруулагч шинэ зах зээл рүү нэвтрэхдээ тухайн орны улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, татварын орчин, ажиллах хүчний ур чадвар, өртөг, дэд бүтцийн хөгжил гээд маш олон хүчин зүйлсийг харгалзаж үзэж байгаа. Энэ утгаараа гаднын хөрөнгө оруулалт, бизнесийг татах нь зөвхөн банк санхүү ч гэдэг юм уу, уул уурхайн салбарын асуудал биш юм. Хоёрт, бид хөрөнгө оруулагчдад мэдээллээ сайн өгч, хамтран ажиллаж байх шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа. Манай хөгжлийн түнш орнууд, олон улсын байгууллагууд болон зээлжих зэрэглэл тогтоогчид бүгд л маш их потенциал,  боломж байгаа талаар онцолдог. Дэлхийн том зах зээл яг хажууд байна, олон улсын том төслүүд ч бодитоор хэрэгжиж байгаа нь үүний нэг л жишээ. Иймд бид боломжоо харин бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу гэдэг чухал асуудал болж байна.

Дэлхийд 200 гаруй улсаас Монгол Улсын мэдээлэл нь ил тод байна, эрэмбэ тогтоосон байгууллагатай нээлттэй хамтарч ажиллаад тайланд нь багтаж, 62-т эрэмбэлэгдсэн байна гэдэг огт муу үзүүлэлт биш юм. IMD өрсөлдөх чадварын ранкт бидний урд эхний 60-д БРИКС гэдэг ч юм уу, G20-д багтдаг томоохон эдийн засгууд л байгаа шүү дээ. Тэгэхээр ард нь уг үнэлгээнд багтаж чадаагүй, тоо статистик нь ил тод биш эсвэл дутуу байдлаар 100-аас илүү улс бидний ард байна гэдгийг бодож үзвэл Монгол Улс харин ч өрсөлдөх чадвараа сайжруулахад нэг алхам урд, боломж байна гэж ойлгож болох байх.

-Эргээд банкны IPO сэдэв рүүгээ оръё. Зарим хөрөнгө оруулагчид, ялангуяа иргэд авсан хувьцааны үнэ сайн өсөхгүй үед уур бухимдалтай байх шиг байна. Банкны салбар үнэхээр хөрөнгө оруулалтын сайн сонголт мөн үү?   

-Хувьцааны ханшийн богино хугацааны хөдөлгөөн аль ч зах зээлд байдаг. Харин хугацааны хандлага тогтвортой хөрөнгө оруулалтад маш чухал. Банкны салбар бол Монгол Улсын хөгжлийн тулгуур салбар учраас ирээдүй маш өөдрөг.

Банкнуудын тайлан баланс, ашигт ажиллагааг харвал хэвийн, сайн байгаа бөгөөд үүнийг IPO хийхийн өмнө хэд хэдэн талаас нягталж үнэлсэн байдаг. Иймд хувьцааны үнийн хэлбэлзэл нь банкнууд гэхээсээ манай биржийн онцлогтой илүү холбоотой харагдаж байгаа. Банкны IPO гэлтгүй ер нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцааны үнийн савлагаанд 2 зүйл нөлөөлдөг. Нэгт, манай захын онцлог буюу институциональ, мэргэжлийн хөрөнгө оруулагч хөгжиж амжаагүй байгаатай холбоотой. Урт хугацааны өгөөж харсан, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө стратегитай тоглогчид хангалттай бий болж чадаагүй байна. Харин нөгөө харьцангуй богино хугацааны сэтгэхүйтэй хувь хөрөнгө оруулагч олон байдаг тул тууштай биш, хувьсамтгай бөгөөд савлагаа их ажиглагддаг. Зарим тохиолдолд санхүүгийн боловсролын асуудал ч яригдана. Энэ тал дээр Монголбанк анхаарч санхүүгийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн.

Эцэст нь Төв банк хөрөнгө оруулалтад чиглэл, зөвлөмж өгдөггүй харин салбарын тогтвортой байдлыг хангахад, хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлдэг байгууллага гэдгийг онцлох нь зүйтэй байх. Энэ хүрээнд хийгдэх ёстой шинэчлэл, реформуудыг хийгээд явж байна. Салбарын хууль эрх зүйн шинэчлэл, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо, активын чанарын үнэлгээ, банкны салбарын IPO гээд жишээнүүдийг нэрлэж болно. ОУВС гэх зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай ч хамтарч ажиллаад, Монголын банкны салбарыг эрүүл найдвартай байлгах чиглэлд олон арга хэмжээг хэрэгжүүлсэн. Монголбанкны хувьд, хоёр талт (bilateral) болон олон талт хамтын ажиллагаа (multilateral)-тай хөгжлийн түншүүдтэй тохирсон бүхий л ажлаа 100% хийгээд явж байгаа. Энэ нь эргээд зөвхөн хувийн салбар гэлтгүй Монгол Улсын зээлжих зэрэглэл, Засгийн газрын бондуудын арилжаанд ч хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг хадгалахад хувь нэмрээ оруулдаг.

-Ярилцсанд баярлалаа!

Эх сурвалж: Монголбанк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж