АНУ-ын уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч Жон Керри өчигдөр Хятадад ирснийг эх сурвалжууд мэдээлжээ. Ингэснээр дэлхийн дулаарлын гол буруутан бохирдлыг хамгийн ихээр ялгаруулагч хоёр их гүрний хооронд яриа хэлэлцээ эхэлж байна. "Хятад, АНУ цаг уурын асуудлаар Даваа гаригаас эхлэн гүнзгий санал бодлоо солилцоно" гэж "CCTV" телевизийн суваг Керриг Бээжинд ирэх үеэр мэдэгдэв.
Жон Керри айлчлалынхаа хүрээнд Хятадын уур амьсгалын асуудал хариуцсан албаны хүн болох Ши Женхуатай уулзана. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж энэ зун температурын дээд амжилт тогтоосон хэт халуун болж, зарим улсад үер усны гамшиг үргэлжилж байгаа энэ үед түүний айлчлал анхаарлын төвд байна.
Өнгөрсөн жил АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси бие даасан Тайваньд айлчилж, арлыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг Бээжингийн уурыг хүргэсний дараа хоёр талын цаг уурын хэлэлцээр зогсонги байдалд орсон. Тайвань болон бусад хэд хэдэн хурцадмал асуудал, тэр дундаа дэвшилтэт хагас дамжуулагчийн асуудлаар хоёр талын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон ч Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керригийн хувьд Хятадтай харьцангуй найрсаг, тогтвортой харилцаатай явж ирсэн.
Жон Керри АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены цаг уурын асуудал эрхэлсэн төлөөлөгчийн хувиар гурав дахь удаагаа Хятадад айлчилж байна. Түүнээс өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, дараа нь Сангийн сайд Жанет Йеллен нарын хоёр талын харилцааг тогтворжуулах зорилготойгоор өндөр түвшний айлчлалыг Хятадад хийсэн.
Керри Хятадын албаны хүмүүстэй "COP28"-ыг амжилттай хэрэгжүүлэх, улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амбицыг нэмэгдүүлэх, сурталчлах зорилготой " гэж Төрийн департамент дурджээ. Ирэх арваннэгдүгээр сард болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуралд 200 орчим орны төлөөлөгчид Эмират улсад цуглах юм.
Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хий ялгарлуулалтаар тэргүүлэгч орнуудын нэг бол Хятад улс. Бээжин нь 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг дээд цэгтээ хүрч, 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийг бүрэн саармагжуулна гэж амласан. Ши Жиньпин дарга мөн тус улс 2026 оноос нүүрсний хэрэглээгээ бууруулна гэж мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ