"Үнэн хүчийг үзсэн барилдаанаас монголчууд уйддаггүй"

Хуучирсан мэдээ: 2023.07.17-нд нийтлэгдсэн

"Үнэн хүчийг үзсэн барилдаанаас монголчууд уйддаггүй"

"Үнэн хүчийг үзсэн барилдаанаас монголчууд уйддаггүй"

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд учраа таарсан Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын арслан Ц.Содномдорж нар үндсэн цагтаа хаялцаагүй тул идэвхээр нь үнэлж, барилдааныг шийдвэрлэсэн нь наадамчин олныг бухимдуулсан үйл явдал болсон. Энэ асуудалтай холбогдуулж, бөхчүүд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Монгол Улсын аварга О.ХАНГАЙ:

-Баяр наадмын зохион байгуулалт, бөхийн дүрмийн талаар монголчууд та бүхэнтэйгээ саналаа хуваалцъя гэж бодлоо.

Энэ жилийн наадмын үндэсний бөхийн хоёрын даваанд Улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Д.Алтанцоож, долоогийн даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын арслан Ц.Содонмдорж нарын барилдаан идэвхээр хасах дүрмээр шийдэгдсэн.

Эрийн гурван наадам гэдэг бол Монгол Улсын түүх соёлыг шингээсэн, жинхэнэ Монгол хүн гэдгээрээ бахархдаг, омогшдог, баяр цэнгэлийн дээд болдог баяр. Идэвхээр хасдаг дүрэм орж ирснээр ард түмнээ нутаг усаар талцуулдаг, наадамчин олныг бухимдуулсан шийдвэр гарсныг та бид харсан. Давсан, унасан бөхдөө ч сэтгэл зүйн хувьд тиймхэн шийдвэр байсан.

Унасан бөхийн хувьд үнэн хүчийг үзээд барилдаад хаялцсан бол гэж бодогдож байгаа. Давсан бөх нь дүрмээ биелүүлснээрээ буруутан болдог дүрэм.  Өнгөрсөн 2022 оны наадмаар ч энэ дүрэм  хэрэгжиж байсан.  Өнгөрсөн жил энэ дүрмээр дөрвийн даваанд дөрвөн хүн хасагдсаөн. Дээр даваанд ийм асуудал үүсээгүй учраас хүмүүсийн анхаарал таталгүй өнгөрсөн.

Заалны барилдаанд ч бөхчүүд хаялцахгүй бол идэвхээр хасдаг шийдвэр буруу юм байна гэдгийг бөхчүүд болон Монголын Үндэсний Бөхийн холбоо /МҮБХ/үзээд гуравдугаар сарын 18-нд ямар ч цолтой бөх оролцож болохоор дүрмийг өөрчлөх,  нээлттэй хурал зохион байгуулсан. Энэ хуралд 30-аад бөх ирсэн.  Хуралд оролцсон бөхчүүд идэвхээр бөхийн барилдааныг үнэлж, хасдаг дүрмийг болиулаад тэгш барьцыг оруулж ирсэн.  Эл шийдвэрээ МҮБХ 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд Үндэсний бөхийн салбар хороо /ҮБСХ/-нд хүргүүлсэн.  Гэвч ҮБСХ бөхчүүд болон МҮБХ-ноос гаргасан шийдвэрийг хүлээн авахгүй,  өнгөрсөн жилийн наадмын идэвхээр хасдаг дүрмээр явна гэсэн хариу өгсөн. Зөвхөн “О.Хангай аварга, Н.Батсуурь аварга, О.Балжинням аварга, МҮБХ-ны тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжав нар сууж байгаад өөрсөддөө зориулсан дүрэм баталсан” гэж худал мэдээллийг хүмүүст түгээсэн. Хурлын тэмдэглэлтэй, протколтой, нээлттэй,  хэн ч оролцож болохоор хурал болсон. Хүнийг ингэж хамаагүй гүтгэж болохгүй.  Х.Баянмөнх аварга  маань ч гэсэн энэ хасдаг дүрэм бол буруу гэдгийг хэлсэн.

Бөхийн холбоо, бөхчүүдээс гаргасан санал дүрмийг хүлээн авахгүйгээр Баяр наадмыг зохион байгуулах ҮБСХ -ны хүмүүс өөрсдөө баяр наадмыг хурдан дуусгах гэж, өөрсдөө дур мэдэж, дүрмийг баталж болохгүй.

МҮБХ-оо 2023.04.12-нд идэвхээр хасдаг дүрмийг өөрчлөх санал хүргүүлсэн ч хүлээн авахгүй байж байгаад долдугаар сарын 5-нд өөрсдөө дур мэдээд дүрэм баталсан. Ингэж болохгүй. Хүн бүхэн бүх зүйлийг мэдэх албагүй. Мэддэг чаддаг, хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсч байх хэрэгтэй.

МҮБХ-ны дүрэм гэж байдаг, гэтэл наадмын өмнө долдугаар сарын 5-нд Бөхийн салбар хорооны дүрэм гээд шинэ дүрэм гаргаад ирсэн.  Ямар хортой үр дагавар дагуулсныг харсан. Наадамчин олныг бухимдуулсан, бөхчүүдийг хооронд нь талцуулсан.

Миний бодлоор Баяр наадмын ҮБСХ гэхгүйгээр МҮБХ-нд нь барилдаан зохион байгуулах эрх өгөөд, хоёр дүрэмгүйгээр зөвхөн МҮБХ-ныхоо дүрмээр ирэх жилийн наадмыг зохион байгуулах саналтай байна.

Мөн цолоо дуудуулах бөх зөвхөн нэг аймаг, нэг сум, нэг компани зарлуулна гэж дүрэм гаргасан нь бөхчүүдийн эрх ашгийг хөндсөн. Би наадмын өмнө энэ талаар өөрийнхөө саналыг илэрхийлж, бөхчүүдийг хасдаг дүрмийг болиулъя гэсэн.  Цолоо дуудуулахдаа хоёр аймгаар зарлуулдаг бөх ганцхан би л байгаа. Намайг тийм пост оруулсан болохоор тэрэнд зориулж, ҮБСХ тийм дүрэм гаргасан. Тэрнээс гадна зөвхөн нэг компани л зарлуул гэсэн. Монгол бөхдөө хайртай, төрөөс хамааралгүйгээр олон бөхөө дэмждэг хувийн хэвшлүүд байгаа. Зарим бөх цолоо дуудуулахдаа хоёр, гурван компани зарлуулдаг. Би гурван компаниар зарлуулдаг, алийг нь зарлуулахаа мэдэхгүй байгаа. Ингэж бөхчүүдийн эрх ашгийг зөрчиж болохгүй. Цолоо дуудуулахдаа хоёр гурван компанийг зарлуулахаар тийм их цаг хугацаа орох гээд байгаа юм уу. Засуулдаа хэлээд хоёр компани зарлцуулчихая гэхээр эрхийг нь  хасна гээд засуулуудыг дарамталдаг байх жишээтэй.

Ам авах асуудал цахимжаад лаг болсон юм байхгүй. Нэрээ сонгоод очоод дардаг, тэрийг дарсан ч адилхан, гарын даа маань дугуйлсан ч адилхан.  4 минут, 5 минут гэхээр 100 гаруй хүнийг 3, 4 минутанд ам авсныг нь аймаг сумтай, овог нэртэй нь бүртгэхээр цагтаа багтахгүй байсан. Тэгэхээр гурвын давааны ам авах хугацааг сунгаад өгвөл яасан юм бэ гэж бодогдсон.

Түмэн олноо баясгах гээд ирсэн бөхчүүдэд суух сандал байхгүй, ногоон дэвжээ рүү орх эрхгүй. Цагдаа нартаа үүрэг өгчихсөн, хамгаалалт авчихсан. Зургаан аварга л орох эрхтэй, бусад бөхчүүд нь орох эрхгүй. Ногоон хашаан дотор хорьчихдог. Бид бас бөхөө үзнэ, бөхөө үзэж байж тэр бөх ямар барилдаан хийж байна гэдгийг судална, амаа авна.

Ногоон хашаанд хорьчихоод оруулах ч үгүй, гаргах ч үгүй. Өмнөх өдөр нь унасан бол дараагийн өдөр нь оруулахгүй. Ийм дарамтан дунд наадам маань өнгөрлөө.

Эцэст нь Наадам зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэр гаргасан хүмүүст хэлэхэд та нарын бодол өөрсөддөө л зөв байх. Гаргасан шийдвэр нь наадамчдыг талцуулсан. Тийм учраас МҮБХ-нд барилдаан зохион байгуулах эрхийг нь өгөөд, гаргасан дүрэм журмаар нь барилдуулмаар байна.

Та бүхэн завгүй байдаг бол өөрсдийн ажил төрлөө хийгээд, бөх үзэх дуртай бол бөхөө үз, бөгс чинь чилээд байдаг бол эртхэн очоод амарсан нь дээр. Монголчууд бол үнэн хүчийг үзсэн барилдаанаас хэзээ ч уйддаггүй ээ, яараад байгаа, хурдан дуусгах гээд байгаа Бөхийн салбар хорооныхон эртхэн очоод амарч байсан нь дээр байх аа.

Монгол Улсын аварга П.БҮРЭНТӨГС:

-Наадам ингэж зохион байгуулахгүй ээ, андууд аа. О.Хангай аварга хэлэх гэсэн бүх зүйлийг маань хэлчихжээ. Намар болохоор утаа ярьдаг шиг наадам болохоор дүрэм ярьдаг аа болино уу.

Намар нээлтийн барилдаанаас дүрмээ ярилцаад хавар хүртэл туршиж үзээд баталбал хэл ам гарахгүй дээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.БАЯНМӨНХ:

-Монголын ард түмэнтэй адил ингэж сайхан баярлаж, нааддаг улс дэлхийд байхгүй. Бөхийн шинэ дүрэм муу байна. Идэвхээр хасдаг бол үндсээрээ буруу. Буруудуулсан байна. Би эсэргүүцэж байсан. Энэ улсууд чинь үгэнд орохгүй юм билээ. Монгол үндэсний бөх нэг нь давж, нэг нь өвдөг шороодож байж дуусдаг барилдаан. Монгол бөхчүүд сүн далайг шалбааг болтол, сүмбэр уулыг дов болтол барилдаж, нэг нь дийлж, нөгөө нь унадаг. Дүрмээ боловсруулах хэрэгтэй байна. Энэ том дутагдал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж