Улсын баяр наадамдаа түрүүлж "арслан" цол авсан М.Бадарч Архангай аймгийн 100 жилийн ойдоо оролцож буй. Төрсөн нутгийн зон олон нь түүнийг өнгөрсөн Бямба гаригт /2023.07.15/ ёслол хүндэтгэлтэй угтан авсан. Харин өнөөдөр тэрбээр, уугуул нутгийнхаа баяр наадмын хурдан морины уралдааныг цахим хуудсаараа шууд дамжуулан хүргэж байна.
Шинэ арслан тэрбээр Цэнхэр сумынхаа 100 жилийн ойд Хязаалан мордуулж буй аж. Мөн аймгийн 100 жилдээ зодоглох юм.
Сонирхуулахад, энэ жил Архангай аймгийн тэгш ой тохиож байгаагаас гадна долоон сумын 100 жилийн ой тохиож буй юм. Тус аймгийн наадам долдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд нэг сарын турш баярын тусгай хөтөлбөртэй.
Энэ жилийн баяр наадмын талаар сэтгэгдлээ хуваалцахдаа Монгол Улсын арслан М.Бадарч "Энэ жил "Алтан цом"-оос эхлээд багаараа бид сайхан барилдлаа. Улсын наадам ес даван түрүүлсэндээ баяртай байна. Төрүүлж өсгөсөн ижий, аав, хань ижил, үр хүүхэд, дэмжиж уухайлсан нийт ард түмэндээ баярлалаа.
Санаснаараа сайхан барилдаж чадлаа. Энэ жил Архангай аймгийн минь 100 жилийн ой тохиож байгаа. Нутгийн зон олондоо бэлэг барьж чадлаа.
Сэтгэл маш өндөр байна. Хүлээлт өндөр дэмжиж байсан нийт наадамчдадаа баярлалаа" гэсэн юм.
Холбоотой мэдээ