Баяр наадмыг тохиолдуулан аялал жуулчлалаар ирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсчээ. Тэд Чингис гэх түүхийн дор бидний өв уламжлал, ахуй амьдрал, ёс заншилтай танилцахаар дэлхийн нөгөө өнцөгөөс зорин ирсэн байна. Жуулчдын нүдээр Монгол Улсын хөгжил цэцэглэлт, үйлчилгээ болон жуулчдад ямар бэрхшээл тулгардаг, ямар сэтгэгдэл төрдөг талаар энэ удаагийн сурвалжлагаар онцлохыг хичээлээ.
Анх удаа болон дахин аялахаар Монголд ирсэн Герман, Өмнөд Солонгос улсын жуулчидтай бид таарсан юм. Тэдний хувьд сонирхолтой санагдсан зүйл байхад нөгөө талаараа сэтгэл нь гонсгор үлдсэн бөгөөд дутагдалтай тал харагдсан тухай ч хэлж байсан юм.
"НААДАМТАЙ ХОЛБООТОЙ БАНК АЖИЛЛАХГҮЙ МӨНГӨГҮЙ ГЭРТЭЭ ХОЁР ХОНОГ СУУСАН, ТЭГЭЭД НАЙЗААСАА МӨНГӨ ЗЭЭЛСЭН"
Герман Улсын иргэн СТЕФЕН:
-Би гурав дах удаагаа Монголд ирж байна. Харин миний хүү анх удаагаа ирж байна. Монгол орон их таалагдсан. Орчин үе болон эртний түүхээ зэрэгцүүлэн хадгалсан тийм орон юм байна гэх бодол төрсөн. Байгаль бол үнэхээр гайхалтай. Үзэх харах зүйл их байсан. Одоо ч гэсэн төлөвлөсөн хэдэн газар байгаа.
Наадмын нээлтийг үзсэн. Хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь нум сум харвах байсан. Яагаад тийм хол зайнд жижигхэн зүйл тавьчихаад холоос харваад тэрийгээ яаж онодог юм бол гэдэг нь сонирхолтой санагдсан бас их зориг авсан. Монголд идэхийг хүссэн нэг зүйл байгаа. Монгол мах их сайн гэж сонссон. Тийм болохоор шорлогийг өдөр болгон иднэ гэж бодож байгаа. Монголчууд бүгдээрээ хөдөө явчихсан бололтой. Хүн ам багатай гэж сонсч байсан. Гэхдээ миний бодлоор хөдөө явцгаасан байх гэж таамаглаж байгаа. Ийм ч цөөхөн бас биш байх аа. Би ч бас Дархан руу явья гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн гол нь галт тэргэнд сууж үзэхийг хүсч байна. Манайх өндөр хурдны галт тэрэгтэй. Харин Оросын хуучны галт тэргэнд суух бас сонирхолтой санагдах байх. Дархан руу би гурван долоо хоногийн аялал төлөвлөсөн. Гэхдээ нэг сайшаалтай тал нь гурав дахь удаагаа ирэхэд өмнөх жилүүдээ бодоход харьцангуй хөгжсөн бас их өөрчлөгдсөн байна. Маш их барилгатай болсон байна. Жаахан тиймэрхүү санагдсан зүйл хэд хэд байлаа. Өмнөх жилүүдээ бодоход юмны үнэ өссөн юм шиг санагдаж байна.
Баяр наадам болж байгаатай холбогдуулан ихэнх газрууд хаалттай байсан. Банкнаас эхлээд л мөнгөө солиулж чадахгүй мөнгөгүй хоёр хоног гэртээ суусан.
Ядаж мөнгө солих боломжтой байсан бол гэх бодол төрсөн. Хоёр хоног гэртээ суухгүйгээр бас зөндөө төлөвлөсөн аялал маань тэр хэмжээгээр хойшлогдсон. Гайхалтай нь хоёр хоногийн дараа ч банк ажлаагүй тэгээд таньдаг хүнээсээ мөнгө зээлсэн. Дэд бүтцийн асуудлаас болоод хол явах нь жаахан хэцүү. Замдаа донсолгоотой. Магадгүй бидний хувьд гоё зам дээр яваад сурчихсан болохоор тэгж санагдсан байх.
"ДЭД БҮТЦЭЭ АНХААРВАЛ МОНГОЛ РУУ АЯЛАХЫГ ХҮССЭН ЖУУЛЧИД ОЛОН БОЛНО"
Өмнөд Солонгосын жуулчин ШИН САН МОГ:
-Монголд ирээд зургаа хонож байна. Миний хувьд Монголын түүхийг судалж байсан. Их гайхалтай түүхтэй ард түмэн. Нэгэн цагт дэлхийг эзэлж байсан улс гэхэд өнөөдрийн монголчуудыг харахад миний хувьд бодож байснаас өөр байсан болохоор сэтгэл гонсгор байлаа. Монголчууд эх орноо гэсэн сэтгэлтэй, юм хийе, бүтээн байгуулая гэх сэтгэлтэй байвал гоё байна. Миний хувьд Өгий нуур, Хархорин, тэрэлж гэх мэт газруудаар явсан. Ийм гоё байгальд олон хоног аялмаар байна. Харамсалтай нь хувийн ажилтай болохоор үргэлжлүүлээд аялж чадахгүй аяллаа энэ хүргээд дуусгах нь.
Миний бодлоор бусад орнуудыг бодоход аялах газар ихтэй санагдсан. Гэхдээ тэр хавийнх нь хөгжил нь муу байна. Дэд бүтэцдээ анхаарвал Монгол руу аялахыг хүссэн жуулчид цөөнгүй байгаа байх.
Хамгийн гайхалтай нь яаж ч бодсон Монголын тавьсан засмал зам үнэхээрийн муу юм байна. Би өөрөө Өмнөд Солонгосын Тэгү хот дах гүйцэтгэх захиргаанд барилга хот төлөвлөлтөд ажилладаг. Энд ирээд хамгийн их гайхсан зүйл маань цуурчихсан байшин барилга, энэ гүүрийг яагаад ингээд барьчихсан юм бол гэх мэт мэргэжлийн хүний нүдээр харахад сонин санагдсан. Би найзуудтайгаа дөрвүүлээ ирсэн. Бидний аялал энэ хүрээд дуусч байгаа ч дараа дахиж ирэх бодолтой байгаа. Тэр үед зам, барилга, гүүр гэх мэт зүйлсээ анхааралдаа авсан байгаасай гэж хүсч байна.
Өмнөд Солонгосын жуулчин ЯНСИН ХАН:
-Монголд анх удаагаа ирлээ. Наадам үзэх төлөвлөгөөтэй байсан ч харамсалтай нь чадаагүй. Тийм болохоор Чингисийн талбай үзэхээр ирсэн байна. Хэд хоногоос Тэрэлж явж амрах бодолтой байгаа. Манай найзууд бас анх удаагаа ирсэн. Сэтгэгдэл бол өндөр байна. Жаахан асуудал гэвэл зам нь хэцүү санагдсан. Бусдаараа бол зүгээр байсан шүү. Өмнөд Солонгос улс чинь өндөр барилгуудтай, хаашаа ч харсан барилга л байдаг. Харин Монгол Улс тийм биш юм. Бас их цөөхөн хүн амтай юм шиг санагдлаа. Гэхдээ наадам болоод монголчууд өөрсдөө хөдөө амрахаар явчихсан болохоор надад тэгж санагдсан байж магадгүй юм.
"АЯЛАХ ЯВЦАД ХАМГИЙН ХҮНДРЭЛТЭЙ ЗҮЙЛ НЬ НОЙЛЫН АСУУДАЛ БАЙСАН"
Өмнөд Солонгосын жуулчин ДЭВОН СИ:
-Монголд ирээд олон хонож амжаагүй байна. Би од харах, морь унах бас зураг дарахыг маш их хүсч байна. Монгол орны түүхийг өөрийн хэмжээндээ уншиж судалсан. Ер нь ямар улс байдаг талаарх ойлголттой байсан. Гэхдээ өөрийн биеэр очоод үзэхээр бас өөр л мэдрэмж төрдөг юм байна. Монголчууд их найрсаг хүмүүс байдаг юм байна. Охид нь их хөөрхөн юм. Миний хувьд хөшөө дурсгал ихтэй орон шиг санагдлаа. Цаг агаарын хувьд их халуун юм. Би ирээд хэд хоноход л жаахан борлох шинжтэй.
Аялах явцдаа хамгийн асуудалтай, хүндрэлтэй байгаа зүйл нь нойлын асуудал байсан. Мөн хоолны газар амны алчуур, салфетка байдаггүй, авчирч өгдөггүй гэх мэт асуудлуудтай тулгарсан. Аялал жуулчлалын хувьд дөнгөж хөгжиж эхэлж байгаа байж болох юм.
"НААДМЫН ӨДРҮҮДЭД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АЖИЛЛАХГҮЙ, ХЭЛНИЙ БЭРХШЭЭЛТЭЙ БАЙЛАА"
Германы жуулчин ЖОЕРГ КУЕММЕРЛЕН:
-Монголд ирээд долоо хонож байна. Ирсэн хугацаандаа Монгол Улсын Үндэсний баяр болох наадмын нээлтийг үзсэн. Маш их таалагдсан шүү. Тэндээс морь уралдахыг харах хамгийн сонин санагдсан. Монголын байгаль их сайхан юм байна. Би Тэрэлжийн амралтын газар очсон. Бас бөхийн барилдаан үзсэн. Тэр өдөр маш их бороотой байсан. Хэдийгээр даарсан ч гэсэн их монголчуудын уухайлах нь намайг бас омогшуулж чадсан.
Хэлний асуудал нэлээд хүндрэлтэй байсан. Баярын өдрүүдээр таарсан учраас ихэнх газар ажиллахгүй, ажиллаж байгаа газруудаар үйлчлүүлэхэд хэл нэвтрэхгүй байсан болохоор жаахан тиймхэн санагдсан.
Мөн явах гэж байгаа газар луугаа ямар машинаар яаж явах нь их ойлгомжгүй. Би дараа жил бас ирнэ гэж бодож байгаа тэр үед эдгээр асуудлууд маань шийдэгдчихсэн байвал үнэхээр сайхан байна.
Ганцхан жуулчдын хувьд ч биш монгол хүн бүрийн хувьд нойлын асуудал нэгдүгээрт бичигддэг. Баяр наадмын өдрүүдээр мөн адил эл асуудлаар бухимддаг хүмүүс цөөнгүй. Мөн зам, үйлчилгээ, барилга байгууламж гэх мэт зүйлсээ анхааралдаа аваасай гэж жуулчид хэлж байна.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ