Чөлөөт бүс үгүйлэгдсээр

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүс үгүйлэгдсээр

Улаанбаатар хотоос 780 км-т орших Дорноговь аймгийн Замын-Үүд өртөө эдүгээ Монгол, Хятадыг холбосон гол боомт болжээ. Ачаа эргэлтийн оргил үед урд хөршөөс хоногт 250 вагон ачаа орж ирнэ, түүнийг Замын-Үүд өртөөний Шилжүүлэн ачих ангийнхан нарийн царигаас бүдүүн царигтай төмөр замд шилжүүлэн ачина. Харин жирийн өдрүүдэд вагоны ачаа 200-220-оор тоологдоно. Урд хөршөөс импортоор ирж буй ачааг дотор нь ангилвал барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн гол хувийг эзлэх бол Монгол Улсаас БНХАУ-руу экспортлох ачааны төрөлд ангилалт хийвэл малын гаралтай түүхий эд, хоёрдогч түүхий эд хамгийн их хувийг эзэлдэг ажээ. Ачаа тээвэрлэлтийн хэмжээг улсаар нь нарийвчлан тоочвол өмнөд хөршөөс орж ирэх ачаа 50 хувиар, Монгол Улсаас өмнөд рүү экспортлогдож буй ачаа 13-20 хувиар өсчээ.

“Улаанбаатар” төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Замын-Үүд өртөөний орлогч дарга Д.Хатанбаатарын тодотгосноор өнгөрсөн долдугаар сард төмөр замаар дамжин өнгөрсөн ачаа тээвэрлэлт нэг сая 40 мянган тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн сартай харьцуулахад 31.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Энэ сард ачаа тээвэрлэлтийг нэг сая 200 мянган тоннд хүргэх зорилт тавьсан, бүх шатанд зорилтоо биелүүлэхээр ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар төмөр замын ачаа эргэлт ийн өссөн нь Монгол Улсын эдийн засаг хямралаас гарч, сэргэж эхэлснийг харуулах томоохон тоон үзүүлэлт болно гэж тэд онцолж байна. Хэрвээ Засгийн газар 2003 оны тунхаглалаа амьдралд хэрэгжүүлж, Замын-Үүд сумыг эдийн засгийн чөлөөт бүс болгочихсон бол төмөр замын хөгжил одоогийнхтой ч харьцуулшгүй өндөрт явж байхыг албаны хүн бас үгүйсгэхгүй байна билээ.

Уг нь долоон жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар өмнөд хөрштэй хил залгах Замын-үүд сум, хойд хөрштэй хил залгах Алтанбулаг сумыг тус бүр эдийн засгийн чөлөөт бүс болгох мөрөөдлөө зарлажээ. Гэвч энэ хугацаанд Засгийн газраас Замын-Үүд суманд хийж хэрэгжүүлсэн ажил байхгүй.  Авто замын ажлыг гүйцэтгэх тендерийг саяхан зарлаад байгааг эс тооцвол шүү дээ. Харин Замын-Үүд сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар хүн амыг 30 мянгад хүрнэ гэж тооцоолжээ. Одоо бол 13 мянган хүн амтай. Монгол Улс зах зээлд шилжиж, наймаачид Эрээн рүү “гахай” үүрэн панз үсэргэхээр явж байсан тэр үед тус сум ердөө 1000 хүрэхгүй шахам хүн амтай байж… Энэ нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус сумын хүн ам Улаанбаатар хотын нэгэн адил геометрийн өсөлтөөр өссөнийг харуулна. Гол төлөв  шилжин суурьшигч олноор ирснээр 21 аймгийн иргэншил тогтож, ховдчуудын нэгэн адил олон ястны өлгий нутаг болж, бүрэлджээ. Ажилсаг хүн энэ суманд ирвэл амьдралаа ахархан хугацаанд өөд нь татаж чадах бол, ажилгүй нь харин ядуугаараа үлдэх гэнэ. Яагаад гэвэл Замын-Үүд өртөө ажлын гол фронт. Эр бяртай нь тус өртөөний Шилжүүлэн ачих анги дээр гэрээгээр ачигч хийж амь зуух боломжтой бол эмэгтэй нь хоол хийн зарж болно. Түүнчлэн Засгийн газар чөлөөт бүсийн ажлаа энд эхлүүлчихвэл тэр хэрээр бас ажлын байр шинээр бий болгох боломж нээлттэй болно. Энд эдийн засгийн чөлөөт бүс бий болсноор төмөр замын ачаа эргэлт ч өсөх юм байна. Ямартай ч Улаанбаатар төмөр зам Замын-Үүд сумыг эдийн засгийн чөлөөт бүс болох ирээдүйг эртнээс харсан бололтой.

Өнгөрсөн хугацаанд Замын-үүд өртөөний харьяа Шилжүүлэн ачих ангиудыг шинээр байгуулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлснээр одоо гурван ч зэрэг ачаа ачилт хийж буй юм. Хэдийгээр Монгол Улсын эдийн засаг өсөлттэй явж ирсэн 2006-2008 оны үед өмнөд хил дээр ачаа ихээр хуримтлагдан, хүнд даацын камазууд урт цуваа үүсгэн, наймаачид “Хоног ихээр алдаж, алдагдал хүлээхэд хүргэж байна. Төмөр замчдын шуурхай бус үйлчилгээнээс үүссэн алдагдлыг төрөөс  нэхэмжлэх үү, төмөр замчдаас нэхэх үү” хэмээн шүүмжилж байсан тэр гомдол одоо үгүй болжээ. Тус ангийн бүрэн хүчин чадал хоногт  310 вагон ачааг шилжүүлэн ачих боломжтой. Гэхдээ ачаа эргэлтийн оргил үед дээд тал нь хоногт 250 вагонд хүрч байгаа аж. Тиймээс ачаа тээвэрлүүлэгч нарын хувьд гарах бэрхшээл одоо багасчээ. Харин одоо Замын-Үүд сумыг Ази, Европыг холбосон худалдааны дөт зам болгоход эдийн засгийн чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэх нь чухал бөгөөд үүнд хөрөнгө оруулалт нэн хэрэгтэй байгааг Замын-Үүд сумыг хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч хэлнэ билээ.

Сангидорж: Зорчигчийн урсгал өмнөхөөс 40 орчим хувиар өсөөд байна

Жил бүрийн наймдугаар сард төмөр замын зорчигч тээврийн урсгал эрс өсөн тасалбарын хомсдол үүсч, иргэд Эрээн хот руу гарахын тулд хонуутаар дугаарлаж сая нэг юм зорчих тийзээ худалдан авдаг бэрхшээл одоогоор намжсан бололтой. Бодит байдалтай  танилцуулахаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчдийг Улаанбаатар хотоос-Замын-Үүд хүртэл  аялуулахад ийм байдал угтсан юм.
Монголчуудын худалдааны гол бүс болоод байгаа Эрээн хот Замын-үүд сумаас ердөө найман км зайд орших тул Замын-үүд өртөөний зорчигч тээврээр жилд нэг сая орчим зорчигч үйлчлүүлдэг байна. Нарийвчилбал одоогоор хоногт 2000 орчим зорчигч хүлээн авч, мөн тооны иргэнийг үдэж буй. Аялал жуулчлалын идэвхтэй улирлыг дагаад хичээлийн шинэ жил эхлэх гэж буй нь зорчигч тээврийн урсгалыг эрс өсгөсөн төдийгүй,  уул уурхайн эрчимтэй хөгжлийг дагаад эдийн засаг сэргэсэн нь иргэдийн зорчих тоог ч мөн нэмэгдүүлжээ.  Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ онд төмөр замаар зорчих иргэдийн тоо 30-40 орчим хувиар өссөн юм байна. Энэ тухай Замын-Үүд өртөөний Зорчигч тээвэр эрхэлсэн орлогч дарга Ч.Сангидорж дараах хариулт өглөө.

-Замын-Үүд өртөөгөөр жилдээ хэчнээн зорчигч үйлчлүүлдэг юм бэ. Оргил саруудад эрс нэмэгддэг зорчигчийн урсгалыг саадгүй нэвтрэн өнгөрүүлэх арга хэмжээг авахад юу саад болоод байна вэ? 

-Замын-Үүд өртөөний зорчигч тээврээр жилд нэг сая орчим зорчигч үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл, 500 мянган хүн ирж, мөн тооны хүн буцдаг гэж ойлгож болно. Гадаадын жуулчид, мөн оюутнууд сурахаар буцдаг энэ цаг үед хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангахтай  холбоотойгоор иргэд Эрээн хот руу олноороо зорчдог болохоор наймдугаар сард зорчигчийн урсгал эрс өсдөг. Энэ жилийн найман сарын хувьд өмнөх жилтэй харьцуулахад зорчигчийн урсгал их байна.  Тодруулбал, зорчигчийн урсгал 30-40 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа, мөн зорчигчийн тээш нэг дахин өссөн байх жишээтэй. Нарийн тоо хэлбэл, Замын-Үүд өртөөний зорчигч тээвэр хоногт 2000 орчим зорчигчийг хүлээн авч, тэр хэмжээний зорчигчийг явуулж байна.

Арга хэмжээний хувьд Улаанбаатар төмөр замаас урьдчилан арга хэмжээнүүдийг авсан. Орон нутгийн галт тэрэг 24 вагонтой, түүнд 1200 зорчигч явах боломжтой. Энэ тоог өсгөхийн тулд вагоны тоог нэмэгдүүлж, 27 болгосон. Ингэснээр нэмэлтээр 243 зорчигчийг галт тэргээр  аялуулах боломж бүрдсэн. Мөн хоногт орон нутгийн суудлын галт тэрэг хоёрыг аялуулж байна. Дээр нь хурдан галт тэрэг явж байгаа.

Ер нь бол зорчигчийн урсгал өсөөд ирэхээр сөрөг үйлдлүүд нэлээд гардаг.  Замын-Үүдийн авто зогсоолоор хоногт 1100 тээврийн хэрэгсэл гарч, улсын хил нэвтэрч байна гэсэн мэдээлэл бий. Энэ нь бидний хувьд ачаалалтай ажиллаж байгааг харуулж байгаа болов уу. Гэтэл вагоны хүрэлцээний хүчин чадал бол 2000 гаруй зорчигчийг тээвэрлэх боломжтой. Хил нэвтэрч байгаа хүний тоо 3000 байдаг.Бидний хувьд боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа хэрэг л дээ. 

-Жишээлбэл ямар арга хэмжээг авч ажиллаж байгаа гэж…?

-Зорчигчдод үйлчлэх үйлчилгээг шуурхай болгох үүднээс хоёр сарын өмнөөс орон нутгийн суудлын галт тэрэгний нийт тасалбарын 60-65 хувийг урьдчилан зардаг. Өөрөөр хэлбэл, зорчигч Дархан-Эрдэнэт, Сүхбаатар, Сайншанд, Чойр, Замын-үүд өртөөнөөс урьдчилан зарж байгаа галт тэрэгний тасалбарыг худалдан авах боломжтой. Зорчигчийн хувьд ажлаа урьдчилаад төлөвлөчихвөл ямар нэг хүндрэлгүйгээр тасалбар авах боломж бүрдүүлэх зорилгоор ийм арга нэвтрүүлсэн. Мөн энэ жилээс эхлэн интернэтээр билет худалдаа хийж байгаа. Гэвч үйлчлүүлэгчдийн хувьд интернэт ашиглах нь бага байна. Цаашдаа өргөнөөр ашиглах болов уу. Ер нь бол боломжтой л хувилбар.

-Тасалбарыг хоёр сарын өмнөөс урьдчилан зардаг нь зөрчил гарах нэг шалтгаан болж байгаа юм биш үү. Шагийнхан тасалбарыг урьдчилж аваад, дамлан зараад байх боломжтой юм байна шүү дээ?

-Зорчигчийг суудлын галт тэргэнд суухад билетийг нь шалгадаг. Зорчих эрхийн тасалбар дээр тухайн тасалбар захиалсан хүний иргэний үнэмлэхийн дугаарыг бичсэн байдаг. Иргэний үнэмлэхийн дугаарыг зорчих тасалбар дээр бичдэг нь дөрөв, таван жил болж байгаа тогтсон уламжлал. Харин Монгол Улсын хил нэвтрээд цаанаас орж ирэх болоход гадаад улсын хил дээр хүндрэл гарах тохиолдол бий.  Ийм тохиолдолд билетээ зарахаас аргагүй болдог. Тиймээс бидэн рүү утасдаж, тасалбараа хойшлуулахыг хүссэн зорчигчийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэдэг зүйл бий. Өөр нэг шалтгаанаар тасалбар зардаг тохиолдол гэвэл, хятад иргэд Монголд орж ирж барилга барих зорилготойгоор урьдчилан билет захиалчихдаг. Гэвч Бээжингээс  явах эрх олгоогүй тохиолдолд Эрээн хотдоо Замын-үүдээс-Улаанбаатарын чиглэлийн зорчих тасалбарыг худалдах явдал байдаг юм билээ.

-Хятад улсын хил дээр гардаг хүндрэл ихэвчлэн юу байдаг юм бол?

-Эрээн хотод тог тасрах тохиолдол цөөнгүй. Ийм үед иргэний бичиг баримтыг компьютерээр хянах бололцоогүй болж, иргэд хугацаандаа амжиж, галт тэргэнд суух боломжгүй болдог.

-Замын-Үүдэд тог тасарвал бас Хятад улс руу гарч чадахгүй хүлээх үү?

-Хил, гааль, бас манай өртөөний хувьд ч дотоод дахь эрчим хүчний эх үүсвэрээ ашиглаад иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр хил давах нөхцөл боломжоор хангаж өгдөг.

-Тасалбар шаглагчдыг хэрхэн журамладаг юм бэ. Жил бүр тэмцээд л байх юм, шагийн билет зарагдаад л байдаг?

-Өнгөрсөн долдугаар сараас эхэлж, төмөр замынхаа цагдаа нартай хамтраад тасалбар шаглагчидтай тэмцэж байна. Тэднийг илрүүлэх, тасалбар зарж байгаа бол таслан зогсоох. Өртөөнийхөө чанга яригчаар өдөр бүр шагчдын гар дээрээс тасалбар худалдан авахгүй байхыг анхааруулна. Тасалбар шагласан иргэнд дахиж галт тэрэгний тасалбар олгохгүй байх гэх мэтчилэнгээр янз бүрийн аргаар л арга хэмжээ авч байна даа. Уг нь бол бидний үндсэн үүрэг тасалбараа зарах. Гэвч иргэний үнэмлэхээ аваад тасалбар авъя гэж байгаа хүмүүсийг “Чи шаглах гээд байгаа юм биш биз гэж хардах эрх байхгүй. Энэ бүхнийг ялгаж салгаж, хүндрэлгүйгээр зорчигчдод үйлчлэхийг л хичээж байна даа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж