Баяр наадмын өдрүүдэд хотоос гарах иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Энэ жилийн хувьд түгжрэл урьд жилүүдийнхээс их байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөсөн. Тэгвэл өчигдрөөс /2023.07.15/ хот руу буцах чиглэлийн замын урсгал түгжрэлтэй байгаа учраас хурдаа тааруулж зорчихыг ТЦА-наас анхаарууллаа.
Энэ жил иргэд баяр наадмаар нийт ес хоног амарч буй. Иймээс гэр бүл, ахан дүүс, найз нөхдөөрөө хаашаа явж амрах вэ гэсэн хүмүүс цөөнгүй. Зарим нь гадагшаагаа аялал сонирхож, зарим нь дотоодод аялахаар төлөвлөж байгаа талаар өмнө нь News.mn мэдээлсэн. Тиймээс долоо хоногийн өмнө хотоос гарах чиглэлийн урсгал урт дараалалд ороод байсан бол одоо Улаанбаатар чиглэлд түгжрэл үүссэн байна.
Тодруулбал, Төв аймгийн Лүн сумаас Эмээлт, Улаанбаатар хүртэлх авто зам 3-4 цаг, оройдоо 5-6 цаг түгжирч байгаа аж.
2022 оны улсын баяр наадмаар Улаанбаатараас 118 мянга гаруй автомашин 700 орчим мянган хүн товчоодоор гарсан. Харин энэ жил үүнээс ч их машин хөдөө, орон нутгийг зорьсон албан бус статистик байна. Иймд иргэд түгжрэлийг тооцож, орон нутгийн замд сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.