Хятадын топ дипломат Ван И Энэтхэгийн гадаад хэргийн сайдад хандан хэлсэн үгэндээ хоёр хөршийн хилийн дагуу үүсээд буй цэргийн хурцадмал байдлыг намжаах арга хайж байгаа тул хоёр талын харилцааг тогтворжуулах шаардлагатай гэж мэдэгджээ.
Индонезийн нийслэл Жакартад болсон АСЕАН-ы уулзалтын үеэр Ван И Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкарт хандан хэлэхдээ, хоёр үндэстэнд хардлага сэрдлэгийн оронд харилцан дэмжлэг хэрэгтэй гэсэн байна.
Энэтхэг, Хятад хоёр 3800 км газраар хиллэдэг бөгөөд ихэнх хэсэг нь тэмдэг, тэмдэглэгээгүй. Улмаар хилийн маргаанаас болж хоёр орон 1962 онд богино боловч их цус урсгасан дайн хийсэн.
1990-ээд оноос хойш хэд хэдэн хилийн хэлэлцээрийн дараа харилцаа сайжирч, Хятад улс Энэтхэгийн хоёр дахь том худалдааны түнш болжээ.
Гэвч 2020 онд хилийн мөргөлдөөний үеэр Энэтхэгийн 20 цэрэг, Хятадын дөрвөн цэрэг амь үрэгдсэнээр хоёр тал байр сууриа бэхжүүлж, олон тооны цэрэг, техникийг байрлуулахад түлхэц болсон юм.
Хэд хэдэн удаагийн цэрэг, дипломат хэлэлцээ нь хоёр армийн хоорондох хурцадмал байдлыг намжаахад тусалсан ч Энэтхэгийн талаас хил дээрх байдлыг эмзэг, аюултай гэж тодорхойлсон.
Хятад, Энэтхэг хоёр талдаа хүлээн зөвшөөрөгдсөн хилийн асуудлыг шийдэхийн тулд нэг чиглэлд ажиллах хэрэгтэй гэж Ван И Баасан гаригт Жайшанкарт уулзахдаа хэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ