Уясан эзэн, унаач хүүгээ алдаршуулсан энэ жилийн наадмын чимэг нь хар үрээ байлаа. Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд нийт 75 шүдлэн тоосоо өргөснөөс хар үрээ, шарга үрээ хоёр зуузай холбон орж ирсэн ч зурхай давахын өмнө морь бариач хар үрээний өмнүүр орж, хөндөлссөн нь уралдааныг будилуулсан гэж хэлж болно. Морь бариачийн энэхүү үйлдлийг наадамчин олон эсэргүүцэж, мөн телевизүүдийн бичлэг зэргийг Морины комисс нягтлан үзсэнээр хар үрээнд албан ёсоор түрүү өгч, морь бариачийг алдаа гаргасан гэж үзсэн.
Харин хар үрээ Монгол даяар алдаршиж, моринд хайртай Монгол хүн бүрийг огшоосон гэж хэлж болно.
Хар үрээг Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүү уяж, уяа сойлгыг нь тааруулсан бол Б.Алтанхүү унаж хурдлуулсан юм. Хурдан хүлгийн уяа сойлгыг сайн уяач тааруулж, мөн унаач хүүхэд ухаан зарж хурдлуулснаар наадмын түрүү авдаг гэж монголчууд ярьдаг.
Уяач Э.Улаанхүү “Ард түмэн маань моринд хайртай гэдгээ харууллаа. Хар үрээ маань түрүүллээ, баяртай байна. Уяач хүний хувьд үүнээс илүү баяр гэж юу байх вэ. Морио барианд орохыг хүлээх мөчийг үгээр хэлэмгүй, хамаг юм дээд цэгтээ хүрсэн байсан. Морио түрүүлгээд, ард түмнийхээ өмнө Төв цэнгэлдэхэд орж ирэхэд өөр мэдрэмж авдаг юм байна” хэмээн баяраа хуваалцсан билээ.
Уяачийн хөдөлмөрийг үнэлж “Номгон рашаан" ХХК-ийн ерөнхий захирал Ё.Эрдэнэбат 10 сая төгрөгөөр урамшуулж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр энэ тухай цахим хуудсандаа " Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үнэдэсний их баяр наадмын шүдлэн насанд Дундговь аймгийн Луус сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн Түмний хар үрээ түрүү магнайд хурдалсанд баяр хүргэж хувийн зүгээс 10 сая төгрөгийг Эрдэнээгийн Улаанхүүд бэлэглэж байна. Морины босоо цагаан хийморь өнөд ивээг" гэжээ.
Г.ХОРОЛ