Унаагүй байж тахим өгдөг, даваагүй атал туг тойрдог шог дүрэм

Хуучирсан мэдээ: 2023.07.15-нд нийтлэгдсэн

Унаагүй байж тахим өгдөг, даваагүй атал туг тойрдог шог дүрэм

Унаагүй байж тахим өгдөг, даваагүй атал туг тойрдог шог дүрэм

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сонин хуучраагүй ч Бөхийн дүрэм наадамчин олныг талцуулсан хэвээр байна.

Учир нь, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг амлаж, барилдсан ч үндсэн цагт хаялцаагүй тул эцэст нь дүрэмд заасны дагуу идэвхээр нь давуулсан юм. Хөлийн цэцийн есөн гишүүн Даян аварга Н.Батсуурийг идэвхтэй барилдсан гэж үзэн, долоогийн даваанд давуулсан нь наадамчин олныг бухимдуулсан.

Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдаан үзэж суусан наадамчин олон  “Дахин барилдуул” гэж хашгиралдсан бол сошиалд “Уулыг дов болтол, довыг тал болтол барилдав” гэж үлгэр домогт гардаг. Бөхийн барилдаан бол биеийн хүч тамир шавхсан спорт болохоос идэвхээр үнэлдэг өв уламжлал биш. Хэдэн мянган жилийн тэртээгээс уламжилж ирсэн өнө эртний өв уламжлалыг цагаар хязгаарлах нь Монгол бөхийн дархлааг устгах аюултай” хэмээн шүүмжилцгээж байв.

Гэвч төрт ёсныхоо шийдвэрт талууд хүндэтгэлтэй хандсанаар унаагүй бөх нь тахим өгч, даваагүй бөх нь туг тойрч бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлүүлж, наадам үргэлжилсэн.

Хэдийгээр наадам сайхан болж, өндөрлөсөн ч дээрх маргаан дагуулсан заалтын талаар бөхийн хорхойтнууд төдийгүй энэ спортод бүхий л насаа зориулж яваа Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх дараах байр суурь илэрхийлээд буй юм. Тэрбээр “Монголын ард түмэнтэй адил ингэж сайхан баярлаж, нааддаг улс дэлхийд байхгүй. Бөхийн шинэ дүрэм муу байна. Идэвхээр хасдаг бол үндсээрээ буруу. Буруудуулсан байна. Би эсэргүүцэж байсан. Энэ улсууд чинь үгэнд орохгүй юм билээ. Монгол үндэсний бөх нэг нь давж, нэг нь өвдөг шороодож байж дуусдаг барилдаан. Монгол бөхчүүд сүн далайг шалбааг болтол, сүмбэр уулыг дов болтол барилдаж, нэг нь дийлж, нөгөө нь унадаг. Дүрмээ боловсруулах хэрэгтэй байна. Энэ том дутагдал” хэмээгээд буй.

Дараа жилийн наадам болтол жилийн хугацаа байгаа ч идэвхээр барилдааныг үнэлдэг энэхүү дүрмээ өөрчлөхгүй бол эрийн гурван наадмын нэг бөхийн барилдааны мөн чанар, үнэт зүйлсийг алдагдуулсан, өв уламжлалыг эвдсэн алсдаа Дархан аварга Х.Баянмөнхийн хэлсэнчлэн дэлхийд ганцхан Монгол наадмын үнэ цэнийг бүдэгрүүлсэн алхам болох вий гэж болгоомжлуулсныг эргэн нэг нягтлах нь зүй болов уу.

Уг нь Үндэсний их баяр наадам болохоос 20-иод хоногийн өмнө Монголын Үндэсний бөхийн холбооноос “Идэвхээр барилдааныг үнэлэх дүрмийг өөрчлөх шаардлага байна” гэдэг саналыг Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны салбар хороонд ирүүлсэн байдаг. Гэвч тус салбар хороо “Хүлээн авах боломжгүй” гэдэг шийдвэр гаргасан талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдэгдсэн удаатай. Үндэслэлээ тэрбээр “Өмнөх жил энэхүү дүрмээр бөх барилдахад асуудал гараагүй. Хэрэв идэвхээр бөхийн барилдааныг өөрчлөх хүсэл байгаа бол Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн зөвлөлийнх нь шийдвэр албан ёсоор гарсан байх ёстой. Гэтэл албан ёсны шийдвэр байдаггүй. Шийдвэрээ аваад ир гэхээр авчирч өгдөггүй” гэж мэдэгдсэн юм. Иймээс дэлхийд ганцхан Монгол наадмынхаа бөхийн өв уламжлалыг жинхэнэ утгаар нь авч үлдье гэвэл Монголын Үндэсний бөхийн холбоо нь ч журам дүрмийнхээ дагуу хуралдаж, Дүрмийн зөвлөлийнхөө албан ёсны шийдвэрийг холбогдох газарт хүргүүлж, дээрх маргаан дагуулсан дүрмийг засуулах шаардлага гарч буй. Хамгийн гол нь өв уламжлалаа хадгалсан ямар зохицуулалт хийж болох нь тэр дагуу өөрчлөх шаардлага бийг наадамчин олон сануулж буй. Өөрөөр хэлбэл, бөхийн барилдааны дүрмийг дарга нарын тав тухад тааруулах бус Монгол дархлааг бодож батлах ёстойг энэ удаагийн үйл явдал харууллаа.

Нөгөө талдаа бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулахдаа өмсгөлд нь стандарт тогтоохгүй бол Даян аварга Н.Батсуурийн элэг бүс учраа бөхийнхөө хоёр гарыг шархлуулсан нь наадамчин олныг мөн л бухимдуулав.

Тухайлбал, долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурьтай барилдсан Улсын арслан Ц.Содномдорж хоёр ч удаа эмчээс тусламж хүсч, гартаа лент наалгуулсан бол наймын даваанд Даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан Монгол Улсын гарьд Ц.Бямба-Отгоны гар ч мөн элэг бүсэнд нь хүрээд шалбарсан гэж хэлж болно.

Энэ бүхнийг анзаарсан наадамчин олон “Даян аварга Н.Батсуурийн зодгийг тайлуулаач ээ. Элэг бүс нь маш нарийхан учраа бөхийнхөө гар хурууг эсгээд шархлуулчихлаа” гэж бачимдаж байв. Хойшид Монголын Үндэсний бөхийн холбоо элэг бүсийг анхаарч, стандарт тогтоохгүй бол шударгаар барилдаж, үнэн хүчийг үзэх ёстой бөхийн барилдааны утга учрыг мөн алдуулж мэдэхээр буйг анхаарна биз ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж