
Өнгөрсөн өвлийн зуднаар Монголын нийт малын 20 хувь нь буюу найман сая мал хорогдсон. Дундговь аймаг л гэхэд 2,1 сая малаасаа 800 мянгыг нь алдсан байх жишээтэй. Жил дараалсан их ган гачиг, зуд турхны улмаас малын бэлчээргүй болж, амьжиргааныхаа хэдээс салсан малчид зэргэлдээх аймаг, сумд руу нүүдэллэн нутаг орон нь эзгүйрч үлдсэн аж. Өнгөрсөн өвөл өвсний сөл хөөж одсон тэдний ихэнх нь малаа бараад эргэж ирсэн тухай нутгийнхан халаглан ярьж байна. Хүний нутагт өөрийн гэсэн хашаа хороо, өвөлжөө бууцгүй болохоор малд хичнээн өвс тэжээл байгаад ч нэмэргүй, хоёрхон шөнийн хүйтнийг даалгүй осгодог аж. Гэсэн хэдий ч Дундговийн малчдын дийлэнх нь Хэнтий, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр аймаг руу нүүдэллэн оджээ. Очсон газар нь ч мөн л адил ган гачигтай, өвний гарц бага, бэлчээр хүрэлцэхгүйн улмаас нутгийнханд хавчигдах, хэдэн малаа аварч үлдэхийн нутгийн иргэдтэй худ ураг барилдаж, хань бүл болох ч энүүхэнд гэнэ.
Өмнөгөвь аймгийн хувьд ч мөн ялгаагүй, малаа барсан иргэд Тавантолгой, Оюутолгой руу нүүдэллэж, уул уурхай бараадан амь зуухыг эрхэмлэх болжээ. Өнгөрсөн өвлийн зудын улмаас ихэнх мал хээл хаяж, төл аваагүй учир сүүтэй цай уухаа больсон гэнэ. Энд нэг литр сүү 3000 төгрөг хүрчээ, Харин саяхнаас овоо сааль гарч, 2000 руу бууж байгаа гэнэ. Дундговийг бодвол амьжиргаа арай гайгүй байгаа ганц шалтгаан нь хилийн худалдаа. Одоо засмал зам тавьчихвал арай дээр болно доо гэлцэнэ.
Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар сонгож авсан Өмнөговь аймгийн Баяндалай сум, Гашууны хоолой гэдэг газар Даланзадгад хотоос 100 гаруй км-ын зайтай. Их говийн үзэсгэлэн бүрдсэн Зүүн сайхан, Баруун сайхан, Дундсайхан хэмээх Гурвансайхан уулсын дунд орших Хонгорын нурууны элс Монголын газар нутгийн дийлэнх хэсгийг хамраад байгаа цөлжилт, хуурайшлын улмаас уртаашаа 100 гаруй км нүүж, энд өвс ургамлын үндэс бүрмөсөн тасарчээ. Хорин жилийн өмнө цахилдаг /чийг хамгийн их татдаг ургамал. сурв/ ургаж, царцаа шаагиж байсан газарт одоо нэг ч ширхэг өвсний үндэс харагдахгүй, Монгол оронд нүүрлээд байгаа цөлжилтийн гамшгийг үзүүлэх хамгийн “шилдэг” загвар болчихоод байгаа нь энэ. Сүүлийн гурван жил бороо ороогүй. Энэ жил үүл буудаж байж бороо оруулсан ч нэгэнт олон жилийн ган гачигт бүрмөсөн идэгдсэн хөрснөөс ширхэг үндэс ч цухуйгаагүй аж. Аймгийн хэмжээнд нийтдээ 500 гаруй булаг, шанд байснаас одоо дөнгөж 200 гаруй нь үлдсэн тухай Байгаль орчин, аялал жуулчллалын газрын дарга нь ярьж байна.
Ийм л нэг газар Засгийн газар тусгай хуралдаан хийж, цөлжилттэй хэрхэн тэмцэх асуудлыг хэлэлцлээ. Тусгай хуралдаанаар хэлэлцэх асуудалд хоёр зүйлийг суулгасан байсны нэг нь Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын конвенцид оролцогч талуудад хандсан илгээлт явуулах. Хоёр дахь асуудал нь Засгийн газраас боловсруулсан Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэх төсөл байлаа. Монгол Улсад 1940 оноос хойш арван удаагийн томоохон зуд болсны долоо нь 2000 оноос хойш тохиолдсон байна. Энэ нь дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын дулаарал, цаг агаарын өөрчлөлттэй холбоотой. Харин энэ дулааралд нөлөөлж байгаа хүчин зүйлийн 90 хувь нь хүний хүчин зүйл буюу үйлдвэрлэл, технологи гэдгийг эрдэмтэд хэлж байгаа. Мэдээж үүнд дэлхийн томоохон үйлдвэрлэгчид, өндөр хөгжилтэй орнууд голлох үүрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Харин эх газрын, өндөр уулын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын энэ өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж, цөлжилтөд өртөөд байгаа орнуудын нэг. Тиймээс дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг Монгол оронд нүүрлээд байгаа цөлжилтийн гай гамшигт хандуулах, тэдний тус дэмжлэгийг авахын тулд Засгийн газрынхаа кабинетийг бүрэн бүрэлдэхүүнээр нь нүүлгэж, говийн элсэн дунд задгай суугаад хуралдаж байгаа нь энэ. Төрийн ордонд болдог ээлжит хуралдаануудыг бодвол ердөө хоёрхон цаг үргэлжилж, хоёрхон асудлыг хэлэлцсэн. Гэсэн хэдий ч хэлэлцэж буй асуудлын цар хүрээ болоод хожмын үр дагавар, эсхүл түүхэнд болж байгаагүй онцгой хуралдаан гэдгээр нь зүгээр л сонирхоод ч тэр үү, хэвлэл мэдээллийн байгуулллагууд сэтгүүлч, сурвалжлагч нараа харамгүй илгээсэн байна лээ.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд С.Батболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Монголд үүсээд байгаа цөлжилтийн нөхцөл байдал болон үүний эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар танхимын гишүүдэд танилцуулсан. Тухайлбал, Агаарын тухай хууль, Үндэсний хөгжлийн цогц бодлогод уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах болон түүнтэй дасан зохицох арга хэмжээг авахад зориулж тодорхой заалтуудыг тусгасан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ оны долдугаар сарын 9-ний өдөр зөвлөмж гаргаж, Уур амсгалын өөрчлөлттэй тэмцэх үнэдсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж УИХ-аар батлуулах үүргийг Засгийн газарт өгөөд байгаа аж. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон дасан зохицох асуудал нь Монгол Улсын Засгийн газар дангаараа шийдвэрлэж чадах асуудал биш. Тиймээс энэ тал дээр хөгжиж байгаа орнуудын техник технологи, санхүүгийн дэмжлэг туслалцааг авахын тулд Засгийн газар энэ удаагийн хуралдаанаасаа дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллага, хандивлагч орнуудад хандан уриалга гаргаж, илгээлт явуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гаргасныг ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Дэлхийн хамтын нийгэмлэгийн орнууд, НҮБ-аас цөлжилттэй тэмцэхэд зориулж 2012 он хүртэл нийтдээ 60 тэрбум ам.доллар зарцуулахаар зарлаад байгаа. Энэ мөнгөний тодорхой хувийг хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудад тусламж болгон өгөхөөр шийдвэрлэсний дотор Монголын Засгийн газар багтсан юм байна. Тиймээс Ерөнхийлөгч, салбарын сайд хоёр энэ тусламжийг авах асуудлаар хоёр ч удаагийн яриа хэлэлцээрийг хийгээд байгаа гэнэ.
Харин Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэх төслийн танилцуулгыг хийсний дараа танхимын гишүүд нэлээд олон саналыг нэмэрлэнэ лээ. Тухайлбал, Сангийн сайд С.Баярцогт хөтөлбөрийн биелэлтийг нь нэг бүрчлэн тооцож болохуйц тоон үзүүлэлттэй болгох, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бэлчээрийн талхагдлыг хамгийн ихээр бий болгож байгаа ямааны тоо толгой, малын сүргийн бүтцийн асуудлыг хөтөлбөрт тусгаж өгөх, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг говь цөл газарт тариалалт хийж, цөлжилтийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа жижиг аж ахуйнуудыг төрөөс бодлогоор дэмжих асуудлыг хөтөлбөрт суулгах гэх мэтчилэн. Эцэст нь Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг агуулгын хувьд бүхэлд нь дэмжих, ингэхдээ өмнө батлагдсан “Ус”, “Монгол мал” зэрэг томоохон хөтөлбөрүүдтэй уялдуулсан байдлаар зарим нэг өөрчлөлтийг хийгээд УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болов. Санасныг бодвол сайд нар маань энэ асуудлаар хүн бүр л нэг санаа оноо, үг үсэг нэмэрлэчих гэж хэрээрээ хичээнэ лээ. Харин зарим нэг нь хэлж байгаа үгэндээ тийм ч их итгэлтэй бус харагдаж, байсхийгээд бие бие лүүгээ харан жуумалзах нь хуралдаан зохин байгуулж байгаа орчин, нөхцлөөсөө болсон биз.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт дээр “Цөлжилтийн улмаас Монголын малчид уур амьсгалын “геноцитод” нэрвэгдээд байна” хэмээн хэлж, Монголд бий болоод байгаа цөлжилтийн гамшгийг дэлхий нийтийн анхааралд өртүүлэхийн тулд Монголын Засгийн газар энэ зун говьд, элсэн дунд хуралдана хэмээн ам гарсан. Өнгөрсөн найман сарын турш үлгэр, үнэн эсэх нь тодорхойгүй байсан энэ ам ажил болж, Монголын Засгийн газар ээлжит бус хуралдаанаа говийн элсэн дунд хийлээ.
Б.СЭМҮҮН