Ц.Содномдорж: Г.Жамбалдорж оо миний дүү худлаа ярьж болохгүй

Хуучирсан мэдээ: 2023.07.14-нд нийтлэгдсэн

Ц.Содномдорж: Г.Жамбалдорж оо миний дүү худлаа ярьж болохгүй

Ц.Содномдорж: Г.Жамбалдорж оо миний дүү худлаа ярьж болохгүй

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан хоёр хоногийн өмнө болж өндөрлөсөн. Тэгвэл хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржийн Аймгийн арслан Г.Жамбалдоржтой хийсэн бариллаан, долоогийн даваанд Улсын даян аварга Н.Батсуурьтай хийсэн барилдаан нийгэмд маргаан үүсгээд байгаа юм. Тиймээс Улсын арслан Ц.Содномдорж наадмын зарим барилдаантай холбоотой асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулж дараах  тайлбарыг өглөө.

Нэгдүгээрт, дөрвийн давааны оноолт буюу аймгийн арслан Жамбалдоржтой хийсэн барилдаан болоод долоогийн давааны барилдааны талаар үнэн зөв мэдээллийг өгье.Дөрвийн даваа оноолтоор барилддаг. Ийнхүү оноолтоор барилддаг болсноор ямар нэгэн байдлаар найрааны асуудлаас ангид болгож өгснөөрөө давуу талтай. Миний хувьд дөрвийн даваанд Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Жамбалдоржтой оноолтоор гарч барилдсан. Өчигдөр Жамбалдорж зариг.мн сайтад ярилцлага өгсөн байна лээ. Би Г.Жамбалдоржийг улсын цолонд хүрч сайн барилдана гэж боддог. Гэхдээ Г.Жамбалдорж оо миний дүү хүний ятгалага, явуулгаар худал ярьж болохгүй. Үнэн гэж зүйл байдаг юм шүү. Жамбалдорж бид хоёр барилдах явцад сэрвүү барьцнаас намайг 3-4 удаа талбайгаас түрж гаргасан. “Талбайгаас түрж гаргаад  байна” гэж надад сануулга өгсөн.  Ингээд цаг болоод элэг бүс, сэнжиг авсан. Мөн элэг бүс сэнжигний барилдаанаас намайг хоёр удаа түрж гаргасан. Хөлийн цэц, залуус ирээд “ухарч гараад байна” гэж бид хоёр хоёуланд нь хэлсэн. Энэ сануулга яг хэдэн минутад ирснийг мэдэхгүй байна. Барилдааны явцад золгооны барьцанд хүрсэн. Золгооны барьцанд хүрэхэд анх идэвхи авснаар нь Жамбалдоржийн талаар золгосон. Жамбалдорж баруун золгоё гэсэн. Ингээд барилдаан үргэлжилж байхад “Миний нэг барьц салчихлаа. Барьцаа салгах уу гэж Жамбалдорж надад хэлсэн. Тэгээд барьцаа тавиад дахиад зүүн золгоод зүүн давхар шуудагнаас барилдахад Жамбалдорж мөн барьцаа салгая гэсэн. Ингээд барилдааны шинэ дүрмээр барилдаж хамгийн сүүлд баруун золгоод  алсын сүвээний барьц авсан. Алсын сүвээний барьц аваад Жамбалдоржийг өргөхөд “Болоогүй байсан шүү дээ” гэж орилсон. Би давчихаад буцаж ирээд тахимаа авах гэтэл “Болоогүй, барьц салсан байхад та намайг яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Юу  яриад байгаа юм бэ. Барилдаан үргэлжилж байсан. Би барьцаа тавиагүй. Барьц тавих нь чиний буруу. Чи барьцаа тавьчихаад “Ахаа салъя” гэж хэлсэн бол салах л байсан. Миний амнаас барилдааны явцад нэг удаа “барьцаа салъя” гэж хэлсэн үү. Чиний өчигдөр Ц.Содномдорж арслан “Барьцаа салъя гэж хэлчихээд намайг өргөөд аваад шидчихлээ” гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Чи ингэж болохгүй. Ор үндэсгүй, худал зүйл ярьж болохгүй. Хоёр удаа барьц салгасан нь миний буруу байж. “Юу яриад байгаа юм бэ гээд загинаад барилдаад. Явсан бол барилдах л байсан юм байна. Чи надад сайн барилдаад түрүүлээрэй  гээд элэг бүсээ тайлж өгөөд явсан. Бид хоёр харгүй сайхан барилдсан. Миний нэг алдаа бол “Чамайг барьц салъя”  гэхээр нь салсан нь буруу  болж. Миний амнаас “барьц салъя” гэж нэг ч удаа гараагүй. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ үнэн худлыг шүүнэ. Чамаас ганц даваа тэгж авахдаа арай ч тулаагүй. Жамбалдорж  арслан бид хоёрын барилдааны явц ийм болоод өнгөрсөн.

 

 Хоёрдугаарт, долоогийн даваанд Н.Батсуурь аваргатай барилдсаан. Бид хоёр харгүй сайхан барилдсан. Өмнө нь харгүй сайхан барилдаж байсан. Бид хоёр бие биедээ бууж өгөх асуудал байдаггүй. Барилдааны явц нэлээд шинэчлэгдсэн байна лээ. Баяр наадмын комисс хуралдаад хуучин дүрмээрээ явна гэж байсан. Гэтэл дахиад долоон сар гарсны ар дээр ийм ийм дүрмээр ингэж барилдана хэмээн дахиад шинэ дүрэм бөхчүүддээ танилцуулсан. Үүн дээр Үндэсний бөхийн холбоо, баяр наадам зохион байгуулах комиссын хувьд бидний барилдааны явц цаг хугацаанд дасах боломж олгооч ээ. Шинэ дүрэм журамд 10 хүрэхгүй хоногт тэр дүрэм журамд чинь дасахгүй байна. Долоогийн даваанд Н.Батсуурь аваргыг давахад иргэд нэлээд шүүмжилж байна лээ. Гэхдээ энэ бол Н.Батсуурь  аваргын буруу биш ээ. Намайг ч бас давбал иргэд ийм хандлагатай дургүйцнэ. Иргэд хоёр бөхийн нэг нь давж, нэг нь унахыг л харахыг хүсч байгаа.Тийм учраас  Н.Батсуурь аваргад буруу байхгүй. Дүрмийн өөрчлөлт дээр алдаа гарчихлаа. Долоогийн даваанд Н.Батсуурь аваргыг намайг арай авахгүй байх гэж бодож байсан. Учир нь бид гэр бүлийн найз нөхдүүд. Бие биенийхээрээ орж гардаг ийм  хүмүүс байсан. Сүүлийн жил гаруй хугацаанд уулзаж барих нь хөндий байсан. Юунаас болсон бэ гэхээр  2020 оны наадмаар Улсын даян аварга Н.Батсууриас сэргээшийн бодис, хориотой эм бодис илэрлээ гэсэн. Нэг нь улсын арслан Пүрэвдагваас бас илэрлээ гэсэн мэдээлэл гарсан. Тухайн үед Н.Батсуурь аваргаас юу болсон талаар асуусан. Манай хүн “Би бол ийм эм бэлдэм ууж хэрэглээгүй. Миний хаанаас ийм зүйл гарчихав гэж гайхаж байна” гэж хэлж байсан.  Тухайн үед энэ хоёр бөхийн барилдах эрхийг 11 сараар хаслаа гэсэн. Дараа хавар нь энэ хоёр бөхийг барилдуулна барилдуулахгүй хэмээн маргаан дагуулсан. Учир нь 2019 оны наадмын өмнө Улсын гарьд Бат-Орших Улсын заан Пүрэвсайхан нар мөн допингийн асуудлаар эрхээ хасуулчихсан байсан. Наадмын өмнө бөхчүүдээс санал асуулга явуулахад 99 хувь нь барилдуулахгүй гэсэн саналтай байсан. Гэтэл дараагийн хоёр бөх болох Пүрэвдагва, Батсуурь хоёр дээр  ч мөн өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Миний хувьд Н.Батсуурь аваргаас илэрсэн бодис нь эмийн шинжтэй байсан учраас түүнийг барилдуулах харин Пүрэвдагвыг барилдуулахгүй гэсэн саналтай байсан.  Энэ үеэс бид хоёрын дунд бага зэрэг үл ойлголцол гарсан байж болзошгүй. Ингээд долоогийн даваан дээр идэвхээр давуулах шийдвэр гарах үед бид хоёр бие биедээ хатуу ширүүн үг хэлсэн нь үнээн. Би тухайн үед шатаад хатуу үг хэлсэн нь үнэн. Наадмын дараа бие биенээсээ уучлалт гуйж гар барьсан. Энэ жилийн баяр наадам сайхан болж арслан, гарди, харцага, начин төрлөө. Даваа болгон хариуцлагатай байлаа. Хэн нэгэн хүний явуулганд орж  Монгол бөхийнхөө хийморь сүлдийг битгий гутаалган доромжлуулаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж