Монголдоо анзаараагүй зүйлсээ хүний нутагт илүү их үгүйлдэг юм байна

Хуучирсан мэдээ: 2023.07.14-нд нийтлэгдсэн

Монголдоо анзаараагүй зүйлсээ хүний нутагт илүү их үгүйлдэг юм байна

Монголдоо анзаараагүй зүйлсээ хүний нутагт илүү их үгүйлдэг юм байна

Гадаадад суугаа Монголчуудаас үндэсний их баяр наадмын талаарх сэтгэгдэлийг тодрууллаа.

 

Inermongolia unversity of technology сургуулийн оюутан Б.Мөнхсаруул

Наадмын өмнөх өдөр маш их догдолж, маргааш өмсөх дээлээ бэлдэж тавид хонодог. Өглөө эртлэн босоод наадмын талбай руу аавтайгаа хамт явдаг үе минь санаанд бууж байна. Жирийн өдрүүдэд дандаа иддэг хуушуураа наадмын талбайгаас л идэж байж санаа амардаг хачин дурсамж  яг одоо хөвөрч байна. Олон мянган километр хилийн хязгаарын цаанаас цахим хуудсаараа Үндэснийхээ их баяр наадмаа үзэж суухад огших, омогших, ондооших сэтгэлээр дүүрэн байлаа. Тэр дундаа хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаярыг дэмжиж, аварга болох болов уу гэсэн хүлээлттэй байлаа. Мөн "Наадмын хуушуураас мах илэрчээ" гэсэн пост харах бүрд нутгаа санаж, хайртай бүхэнтэйгээ хамт эх орондоо байхгүй гэдгээ мэдрэхээр сэтгэл жаахан хоосордог. Энэ жилийн наадам их өвөрмөц болж, шинэ залуу үеийнхний төлөөлөл олон төрж гарч ирлээ.  Хол байгаа болоод ч тэр үү өмнөх жилүүдээс өргөн дэлгэр болж байх шиг санагдлаа.

2022 онд  Монгол Улсын 24 мянган иргэн гадаад руу ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор явжээ

Солонгос улс Sunchon National University сургуулийн оюутан А.Энхсүрэн

Монгол наадам гэдэг бүх зүйлс нь утга учиртай санагддаг. Хурдан морь үзэх, соёолонгийн тоос хүртэх, дэмждэг бөх барилдахаар өмнөөс нь догдолж, сандрах "уначих вий" гэсэн битүүхэн айдас гээд бүх зүйлс нь сайхан. Монголдоо байхад анзаарч байгаагүй зүйлсийг хүний нутагт ирээд илүү их санаж үгүйлдэг юм байна. Солонгост  амьдарч буй Монголчууд жил бүр Үндэснийхээ баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлдэг ч энэ жил тэмдэглээгүй. Тийм учраа гар утсаараа  Үндэснийхээ их баяр наадмыг үзэж, наадмын эргэн тойронд болж байгаа мэдээ мэдээллийг аваад л сууж байна даа.

 

Бельги улсад амьдарч буй Б.Наранжаргал

 

"Миний Монгол Наадам 2023" – Баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Тус үйл ажиллагаанд Элчин сайдын яамны хамт олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, Монгол болон Бельгийн төдийгүй баруун зүүн Европын Чех, Унгар, Польш , Герман , Франц , Испани, Нидерланд, Люксенбург, Итали , Швед зэрэг орнуудаас элэг нэгт монголчууд цугларч, талын монголын хөx толботнууд тал талаасаа хүрэлцэн ирж өргөн дэлгэр боллоо. Бид Бельгийн хаант Улсын Антверпен хотын номин ногоон дэнжид ёслол төгөлдөр, өргөн дэлгэр, дэлхий баястал дэнж хотойтол сайхан наадлаа. Наадамд Оросын буриад болон халимаг үндэстэнгүүд xүрэлцэн ирж ая дууныхаа дээжээс өргөн барьсан их сайхан өргөн дэлгэр наадам боллоо. Бид эх нутгаасаа хол ч энэдээ бие биедээ түшигтэй сайхан явахыг эрхэмлэж нэг талаараа бидний наадам боловч нөгөө талаараа Монголын өв соёлыг Бельги улсад түгээж,таниулсан үйл ажиллагаа боллоо.

 

С.Нинжжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж