Сүүлийн үед цахим орчинд Монгол үндэсний дээлтэй бичлэгээрээ олны анхаарлыг татах ази, европ залуучууд олширчээ. Тухайлбал, дээл өмссөн бичлэгээ гадаад залуус тикток, инстаграм дээр байршуулж, олны анхаарлыг татаж, хандалт авах болсон. Тэд монгол дээл өмсөх дуртай бөгөөд дээлтэй бичлэгээ бусдад хуваалцах зорилготойгоор @mongoljingoo33 тикток хаяг нээжээ. Тэдний зорилго нь сүүлийн үеийн залуусын хамгийн их хэрэглэх болсон тикток аппликейшнаар дамжуулан монгол дээлийг дэлхий дахинд таниулах аж.
Монгол дээлийг сурталчилж, олонд танигдсан европ залуу НЕМО энэ жил Улаанбаатарт ирж, наадамласан байна. Тэрбээр "Би анх удаагаа эхнэртэйгээ хамт Монголд ирж байна. Монголын үндэсний хувцас, соёлд маш их дуртай. Сүүлийн зургаан жил Монголын үндэсний дээлийг өмсч байна. Би Монгол соёл, үзэсгэлэнт байгалийг Хятадын тикток, инстаграм хэрэглэгчдээс гадна Европт таниулах зорилготой" хэмээн хэлж байсан юм.
Мөн энэ жилийн наадам үзсэн сэтгэгдлээсээ хуваалцахдаа, "Монгол наадам үнэхээр таалагдаж байна. Жуулчдад энэ баяр наадмын талаар мэдлэг дутуу байдаг. Монгол наадам хэдий үед, хэдэн сард болдог гэх мэт мэдээллийг олон улсын жуулчдад маш сайн хүргэх хэрэгтэй гэж бодож байна. Наадмыг сайн таниулахын тулд тэдний хамгийн сайн мэддэг сошиал платформоор дамжуулан сурталчлах хэрэгтэй юм шиг санагдсан. Монголын үндэсний баяр, дээл хувцсыг таниулвал гайхалтай үр дүн гарах байх аа" хэмээжээ.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ