Хятад улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ши Фэн өчигдөр Пентагонд очиж, тус улсын Азийн асуудал хариуцсан Батлан хамгаалахын дэд сайд Эли Ратнертэй анхаарал татсан уулзалтыг хийжээ. Тэдний уулзалт 90 орчим минут үргэлжилсэн байна.
Пентагоны албан мэдээнд, Хятадын Элчин сайд Ши Фэн болон АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Эли Ратнер нар хоёр орны батлан хамгаалахын харилцаа болон олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй аюулгүй байдлын асуудлыг авч хэлэлцсэн гэж мэдээлэв. "Ратнер мөн АНУ болон БНХАУ-ын хооронд цэрэг армийн харилцаа холбоог нээлттэй байлгах амлалтыг онцолсон" гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Мартин Майнерс мэдэгджээ.
Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам өнөө өглөө мэдэгдэл хийхдээ, Ши Фэн хоёр улс болон тэдний армийн харилцааг зөв замд нь оруулахын тулд АНУ-ыг ижил хүчин чармайлт гаргахыг уриалсан гэжээ. Мөн АНУ-ын талаас хоёр орны хамтарсан өмнөх гурван мэдэгдэлд заасан зарчмын дагуу саад тотгорыг арилгах, санал зөрөлдөөнөө зохицуулах, Тайвань болон бусад чухал, эмзэг асуудлыг болгоомжтой зохицуулах арга хэмжээ авахыг хүссэн гэв.
Стимсоны төвийн Хятад хөтөлбөрийн захирал Юн Сун энэ уулзалтыг "хачирхалтай" гэсэн бөгөөд Хятадын Элчин сайд тэр бүр АНУ-ын Батлан хамгаалахын албаныхантай уулздаггүй гэдгийг тодруулжээ. Магадгүй энэ нь Хятад улсын талаас АНУ-ын санаа зовоосон асуудалд хариу өгч байгаа үйлдэл бөгөөд хоёр орны хооронд бодит ахиц дэвшилд цаг хугацаа, хэлэлцээр шаардлагатай гэдгийг харуулж байна гэж тэрбээр тодорхойлов.
Тайванийн асуудал, АНУ-аас дэвшилтэт технологиудыг экспортлохыг хориглосон, Хятадын төрийн тэргүүлсэн аж үйлдвэрийн бодлого зэрэг үндэсний аюулгүй байдлын асуудлаар АНУ-Хятадын харилцаа тааруу байгаа тул Вашингтон дэлхийн хамгийн том хоёр эдийн засагтай улс хоорондын харилцааг сэргээхийг хичээж байна.
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен энэ сарын эхээр Хятадад айлчилсан бол Уур амьсгалын асуудал хариуцсан элч Жон Керри ирэх долоо хоногт айлчлах төлөвтэй байна. Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн сард Бээжинд айлчилсан нь 2018 оноос хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Хятадад хийсэн анхны айлчлал байв.
Гэвч өнгөрсөн сард Сингапурт болсон батлан хамгаалахын форумын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Хятадын Батлан хамгаалахын сайдтай тодорхой асуудлаар уулзалт хийхээр оролдсон ч үр дүнд хүрээгүй юм. Хятад улс АНУ-ын хориг арга хэмжээг цэргийн яриа хэлэлцээнд саад болж байна гэж олон нийтэд мэдэгдсэн. Тухайлбал, Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу 2018 оноос хойш Оросын зэвсгийн гол экспортлогч "Рособоронэкспорт"-оос байлдааны нисэх онгоц, техник худалдан авсан хэргээр АНУ-ын хориг арга хэмжэнд орсон.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ