Улсын их баяр наадмыг Монгол төрийн бөх, хурдан морь, унаач хүүхэдгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Тэгвэл бид энэ удаа Хүй долоо худагт хурдан морины унаач хүүхдүүдтэй цөөн хэдэн хором ярилцлаа.
Намайг Ш.Төгөлдөр гэдэг. Би арван настай. Дорнот аймгийн Матад сумаас ирсэн. Би Их насны ангилалд уралдаад ирлээ.
-Уралдааны зам нь хир байв?
-Зам гайгүй байсан. Гэхдээ нүд рүү шороо орох нь л хэцүү байсан.
-Хэний морийг унаж уралдсан бэ?
-Би энэ жил н.Цэндбаатар ахын морийг унаж уралдсан.
-Хэдэн наснаасаа эхэлж морь унасан бэ?
-Найман наснаасаа эхэлж морь унаж эхэлсэн.
-Хамгийн анх ямар морь унаж байв?
-Анх би хээр морь унаж сурч байсан. Гэхдээ тэр хээр морь их ааштай. Тийм болохоор би ганцаараа хөтлөөд явдаг байсан. Тэр хоорондоо морьтойгоо ярих дуртай. Тэрний дараа зөндөө морь унасан бүгдийн нэрлэж чадахгүй байна.
-Наадмын сэтгэгдлээ хуаалцаач?
-Сум, аймгийн наадмаас илүү Улсын наадам хамгийн гоё байдаг. Наадмын өмнөх орой жоохон сандардаг. Надад найдаад үлдсэн аав ээж, уяач н.Цэндбаатар ахынхаа итгэлийг алдчих вий гэдгээс жоохон айсан. Тийм болохоор өглөө нь айргийн тавд л орчихвол гоё доо гэх бодол төрдөг.
-Том болоод ямар хүн болох вэ?
-Би том болоод уяач болохыг хүсдэг. Морио сайн уяад, улсад уралдаад, цол авна гэж бодохоор л гоё санагддаг. Улсын баяр наадамд мордио айрагдуулаад л янзын байх даа.
Намайг Б.Нямдаш гэдэг. Би долоо нь настайгаасаа хойш морь унаж эхэлсэн. Морь унахгүй байж байгаад унахаар гоё санагдсан. Би том болоод малын эмч болно гэж боддог. Мориа унаад давхихаар надад гоё мэдрэмж төрдөг.
-Уяач нь юу гэж захисан бэ?
-Замаа сайн хаарай гэсэн.
-Өнөөдрийн уралдаан ямархуу байсан бэ?
-Яах вэ. Дажгүй сайхан байсан.
Намайг С.Нармандах гэдэг. 4-н наснаасаа эхэлж морь унаж эхэлсэн. Одоо арван настай. Наадмаар морь унахаар надад л лав төсөөлөхийн аргагүй гоё санагддаг. Олон аймаг, сумаас надтай адилхан унаач хүүхдүүд ирсэн байх. Тэдгээр хүүхдүүдтэй хамт уралдсантай баяртай байна. Болдог бол дараа жил дахиад уралдмаар л байна. Наадмын өглөөнөөс эхлээд сандарсан. Гэхдээ би уралдаад айрагдаагүй ч гэсэн бариандаа орж ирсэн дээ баяртай байна хэмээн унаач хүүхдүүд ярьж байсан юм.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ