Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд 242 хурдан даага бүртгүүлж, 113 нь гарааны зурхайд гарсан. Түүнээс түрүү магнайд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар даагыг есөн настай С.Өлзийхүү, аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Ц.Дагвасүрэнгийн хул даагыг 10 настай И.Бат-Ирээдүй унаж хурдлуулав.
Айргийн гуравт орсон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Б.Гэлэгсайханы сартай хар халтрыг есөн настай А.Ууганбаатар, дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Г.Баяраагийн хээр даагыг найман настай Э.Баярмагнай, айргийн тавд Сэлэнгэ аймгийн харьяат Ч.Чинбатын халтар даагыг есөн настай Г.Хаш-Эрдэнэ унаж тус тус хурдлууллаа.
Харин Баян ходоодод Ховд аймгийн Булган сумын Х.Хас-Эрдэнийн зээрд халзанг найман настай Т.Тэмүүлэн унаж уралдав.
Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар "Айргийн дөрөв, тавд 4-5 даага зэрэгцэж орж ирсэн. Хуулийн дагуу бичлэгээ үзэж, хоёр уяачийг байлцуулсан. Уралдааны дүрмийн 9.5-д заасны дагуу дөрвөн дааганы голд байгаа хээр даагыг авсан. Зургаар баталгаажуулсан. Дүрмийн 9.5-д орж ирэхэд хошуу өлгөсөн даагыг авна, зэрэгцэж орж ирвэл зөв талын даагыг авна гэсэн байдаг.
Тиймээс айргийн тавын даага нь зөв талдаа орж ирсэн учраас дүрмийн дагуу комисс шийдвэрлэлээ. Уяач нар хүлээн зөвшөөрсөн" гэсэн юм.
Холбоотой мэдээ