Хүүхдийн төлөө зөвлөлийн анхны уулзалт боллоо | News.MN

Хүүхдийн төлөө зөвлөлийн анхны уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийн төлөө зөвлөлийн анхны уулзалт боллоо

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл байгуулагдсанаасаа хойш анхны уулзалтаа өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын орлогч удирдаж, дүүргийн Засаг дарга болон холбогдох харьяа агентлагийн дарга нар ажлын хэсэгт нь багтдаг юм. “Баяр ёслол, бэлэг сэлт гэхээсээ илүү нийгэмд амьдарч байгаа хүүхдүүдэд юу хэрэгтэй, тэдний эрх зөрчигдөж байгаа эсэх, үзүүлэх цогц үйлчилгээний талаар ярилцах ёстой. Салбар хоорондын уялдаа холбоог хэрхэн сайжруулах тухай ч орхиж болохгүй” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн байна.
Нийслэлийн хүн амын 30,7 хувь буюу 339787 мянга нь 18 хүртэлх насны хүүхэд. Үүнээс бүтэн өнчин 1608, хагас өнчин 11493, хөгжлийн бэрхшээлтэй 4068 хүүхэд байдаг. Хүүхдийн асрамж халамжийн 37 төв ажиллаж, 1000 орчим хүүхэд өсч, хүмүүжиж байгаа. Ерөнхий боловсролын 209 сургууль үйл ажиллагаа явуулж, нийслэлийн нутаг дэвсгэрт 26 хүүхдийн зуслан ажилладаг гэсэн судалгааг зөвлөлийн хурлын үеэр Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дарга С.Алтанцэцэг танилцуулсан.
    Монгол Улс 1990 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн эрхийн дөрвөн конвенц, хоёр нэмэлт протоколд нэгдэн орж Хүүхдийн эрхийг хангах бие даасан хуультай болжээ. Хүүхдийн эрх хөгжил, хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор Үндэсний гурван хөтөлбөр, нэг дэд хөтөлбөрийг Засгийн газраас, нэг дэд хөтөлбөрийг нийслэлийн Засаг даргаас батлан хэрэгжүүлж байгаа юм байна.
    Өнөөдөр хуралдсан нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд хүүхдийн асуудлаар санал бодлоо солилцож, хийсэн ажлынхаа талаар бус хийх ажлынхаа тухай түлхүү ярилцлаа. Ингэхдээ уг зөвлөлийг хэрхэн ажиллуулах, ямар ажил хийх талаар төлөвлөгөө гаргаж ажиллах, жилд ядаж нэгээс хоёр асуудлыг бүрэн шийдэх, хүүхдийн холбогдолтой статистик судалгааг үндсээр нь сайжруулах зэрэг  хэд хэдэн асуудлаар санал солилцсон юм. Эдгээр саналын дотроос хүүхэдтэй холбоотой статистик мэдээллийг бодитой, үнэн зөв гаргахад холбогдох байгууллагынхан хамтарч ажиллах талаар зөвлөлийн гишүүд санал нэгдлээ. Түүнчлэн хурлын үеэр хэлсэн саналуудыг Хүүхдийн төлөө газраас нэгтгэн дүүргүүдийн Засаг дарга нарт хүргүүлж, дүүрэг бүрийн онцлог байдлыг харгалзан ажлаа төлөвлөж Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрэм, 2010 оны төлөвлөгөөнд тусгахаар боллоо.  
Д.Цээпил

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж