НАТО-гийн ашиг сонирхол, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж Хятад улсыг буруутгасныг Бээжин эсэргүүцэв. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ, "Хятад улс НАТО-гийн "дайсан" биш хэдий ч дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг "түрэмгий зан авираараа" улам бүр эсэргүүцэх болсон" гэж хэлсэн байна. Тэрбээр Хятад улс нь хууль, дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг улам бүр эсэргүүцэж, Оросын Украинд өдүүлсэн дайныг буруушаахаас татгалзаж, Тайванийг заналхийлж, цэргийн хүчээ их хэмжээгээр нэмэгдүүлж байгааг онцолжээ.
Үүний хариуд Хятад улс нь ашиг сонирхлоо хамгаалахын зэрэгцээ Ази, Номхон далайн бүс нутагт НАТО-гийн хөл тавих аливаа оролдлогыг сөрнө гэж мэдэгдэв.
Литва улсад хоёр дахь өдрөө үргэлжилж буй НАТО-гийн удирдагчдын чуулга уулзалтад Япон, Өмнөд Солонгос улсын удирдагч нар оролцож буй. Японы ерөнхий сайд Фүмио Кишида НАТО-гийн чуулганд хоёр дахь удаагаа оролцож, Зүүн Ази дахь эрсдлүүдийг эвслийн хараанд аваачихыг хичээж байна. Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын зүгээс Пёньяны цөмийн аюул, Хятадтай зөрчил нэмэгдсэн зэргээс шалтгаалан олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьжээ.
Токио хотод НАТО-гийн харилцаа холбооны газрыг нээхээр төлөвлөж байгааг үл харгалзан Япон улс цэргийн эвсэлд нэгдэхгүй гэж Кишида өнгөрсөн тавдугаар сард хэлсэн. Ази дахь НАТО-гийн анхны албан газрыг Хятад улсаас хүчтэй эсэргүүцэж, эвслийг Дорно зүгт хүрээгээ тэлэх оролдлого гэж буруутгаж байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ