Дундговь аймгийн Хулд суманд Сингапур Улсаас жуулчилж явсан зургаан иргэнийг тээвэрлэж явсан иргэн Б-ийн жолоодож явсан пургон маркийн автомашин онхолдсон зам тээврийн осол гарчээ.
Ослын улмаас хүний амь нас хохироогүй. Харин Сингапур Улсын хоёр иргэн гэмтсэн байна.
Ослыг Дундговь аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Өнгөрсөн сард мөн жуулчид тээвэрлэж явсан машины хоёр осол гарсан бөгөөд хоёр иргэний биеийн байдал эмчилгээтэй байгаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн замд өнгөрсөн зургадугаар сард /2023.06.19/ жуулчид тээвэрлэж явсан автобус осолдсон. Ослын талаарх дуудлага нийслэлийн Түргэн тусламжийн төвд ирсэн бөгөөд дөрвөн машинтай эмч ажилчид дуудлагын дагуу газар дээр нь очиж, биеийн байдал нь хүнд, хүндэвтэр хүмүүсийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн билээ. Тодруулбал, Непал улсын 26 иргэнийг ГССҮТ-д яаралтай хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эдгээрээс хоёр хүний биеийн байдал хүнд байсан учир хэвтэн эмчлүүлж байгаа.Тэдгээр жуулчдын биеийн байдал сайжирч байгааг ГССҮТ-өөс мэдээлсэн.