Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.07.11/ болсон. Нээлтийн хөтөлбөр, дэг хийц, найруулга жил бүр шүүмжтэй, олны эерэг, сөрөг санал, сэтгэгдэлтэй байдаг. Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагаа ч мөн бичигдээгүй уламжлалын дагуу олны анхаарлыг ихэд татаж байна. Ихэнх хүнд нээлтийн хөтөлбөр найруулга тааруу, зохиомж муутай байсныг цахим хуудастаа илэрхийлжээ.
Харин олныг огшоосон хэдхэн зүйл байсны нэг нь залуу уран бүтээлчид байсан төдийгүй баяр наадмыг нээж уран бүтээлээ хүргэсэн нь дотоодод төдийгүй гадаадын иргэдийн анхаарлыг ихэд татав бололтой.
Наадмын хөтөлбөрийг нээсэн уран бүтээлч реппер Т.Мөнх-Эрдэнэ /GEE/хэлэхдээ "Үндэсний их баяр наадам бол Монгол Улсыг ямар үүх, түүх, ёс заншилтай орон бэ гэдгийг харуулах хамгийн чухал баяр учраас ач холбогдолтой ханддаг. Энэ хүндэтгэлийг билэгшээж залуучууд ч сүүлийн жилүүдэд төрийн наадамдаа үндэсний дээл, хувцсаараа гоёж байгааг хараад баяртай байна. Анх эхэлсэн цагаас өөрийнхөөрөө зүтгэсээр өнөөдөр төрийн нээлтэд дуулж байгаадаа баяртай байна" гэсэн юм.
Мөн энэ жилийн наадамд залуусын дунд хит уран бүтээлүүдийг хүргээд буй Young Mo"G Наадъя дуугаараа наадамчин олонд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Наадамчид энэ жилийн баяр наадмын хөтөлбөрийг залуу уран бүтээлчид л хөглөж, амилууллаа гэдгийг онцолж байна.
Холбоотой мэдээ