Үер устай холбоотойгоор эрчим хүчээ таслуулаад байсан байруудыг өчигдрөөс буцаан холбожээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 27, Баянзүрх дүүрэгт 32 байр ус, цахилгаангүй байсан бөгөөд өнөөдөр /2023.07.11/ Сүхбаатар дүүргийн 26 байрны цахилгаан, усыг нь холбожээ. Харин Баянзүрх дүүргийн хувьд 10 байр үлдсэн байсны гурвыг нь холбож, долоо үлдээд байгааг Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлэв.
Үлдсэн долоон байрны хувьд хувийн СӨХ-той, гэвч баяр наадмын амралт таарсан учир ажилчид нь амарсан болохоор тог, усыг нь холбуулахгүй гэх мэт асуудлыг үүсгэж байгаа талаар албаныхан мэдэгдэж байна.
Эдгээр цахилгаан холбогдоогүй байрны СӨХ-г хариуцан ажиллаж байгаа иргэний төлөөлөл хэлэхдээ "Цэвэрлэгээ хийх ажил хангалтгүй, хувийн компаниас үнэ асуутал их үнэтэй болохоор байна. Оршин суугчид нөхцөл байдлыг ойлгохгүй их хэцүү байна. Өглөө үүрээр, шөнө хүртэл залгаж байна. Гарсан хохирлыг хэрхэн үнэлж, барагдуулах вэ" гэдгийг тодруулж байна гэлээ.
Хотын дарга цахилгаан, усгүй байгаа айлуудын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг даалгаад иргэд мөн л шөнө, өдөргүй залгаж байгаа. Хэдийгээр аль аль талдаа асуудал их байгаа ч тог, усгүй байрны иргэд албаныхантай нэгдэж ажиллах хэрэгтэй байна гэдгийг онцолсон юм.
Албаныхан байруудыг цахилгаан, усанд холбохоос гадна лаг, шавар цэвэрлэх ажлыг давхар хийж байгаа юм байна. Үерт өртсөн айлуудын хувьд айлаар болон зочид буудалд байрлаж байгаа тул айлуудыг эргэн гэрт нь авчрахын тулд цахилгаан, усыг холбохоор шаргуу ажиллаж байна гэлээ.
Холбоотой мэдээ