НЭМЭЛТ:
Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар их насанд айраг, түрүү хүртсэн морьдын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэгд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Отгонсэлэнгийн саарал сартай таван нүдэн хурдалж, торгон жолоо өргүүллээ. Таван нүдэнг есөн настай Г.Хаш-Эрдэнэ унаж, түрүүлсэн байна.
Аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат уяач Д.Баттөгсийн ягаан халзан орлоо. Есөн настай Р.Адъяанням унасан.
Гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Г.Баярцогтын золбоо хээр орлоо. Есөн настай Ү.Отгон-Эодэнэ унасан байна. Дөрөвт Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, уяач Т.Мөнхбаярын хулгар хээр орлоо. Найман настай А.Хангал унаж, хурдлуулжээ.
Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хул халзан морь хурдаллаа. Хул халзаныг 10 настай Г.Мөнхзориг унасан байна.
-Энэ жилийн наадмаар маш олон морь хасагдаж байна. Их насанд хэчнээн морь бүртгүүлээд, хэд нь шаардлага ханган уралдав?
-Их насанд 227 морь бүртгүүлснээс 143 нь уралдааны замд гарсан. Сэрвээгээр 49, шүдээр таван морь, бусад шалтгаанаар таван морь хасагдсан. Зургаан хүүхэд мориноос унасан биеийн байдал сайн, эмчийн хяналтад байна.
-Ноднин төрийн их баяр наадамд түрүүлсэн морийг энэ жил оруулахгүй хассан гэдэг асуудал яригдаж байна?
-Тийм юм болсон. Баянхонгор аймгийн их насны хээр морь хасагдсан, мөн уржнан жилийн түрүү, айргийн морьд хасагдсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэргэжлийн хүмүүс ирж хэмжээд, хэмжээд гаргасан морийг хурдан морины салбар комисс уралдааны замд гаргаж байгаа.
Хуулийн дагуу үүрэг хүлээсэн мэргэжлийн хүмүүс хурдан морьдыг хянаж байгаа. Хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа. Тагнуул, Авлигатай тэмцэх газрын хяналт, мөн манай салбар комисс хяналт тавьж, ажиллаж байна. Дөрвөн хүний хяналт байгаа. Шүдэн дээр дахиад дөрвөн хүн хянаж байна. Хяналтыг их тавьж байна. Үржил селекцээс ийм болсон уу, харьцаа алдагдсан юм болов уу л гэж бодож байна. Асар их морь хасагдаж байна. 200 морь бүртгүүлэхэд 100 нь хасагдаж байна. Морин спорт уяачдын холбоо, төрийн бус байгууллагууд санаа тавьж, учир шалтгааныг нь олж, төр засагтаа асуудал тавьж, шийдвэрлүүлэх цаг болжээ л гэж бодогдож байна.
-Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд их насанд 250 морь уралдаж байсан. Энэ жил 100 гаруй морь уралдлаа. Жилээс жилд уралдах морьдын тоо буураад байна уу даа?
-Жилээс жилд уралдах морьдын тоо багасч байгаа юм байхгүй. Адуу малын тарга тэвээрэг ямар байв гээд мал учраас цагийн байдлаас шалтгаалдаг. Энэ жил таван аймаг 100 жилтэй, бүсийн наадам, тэгш ойтой учраас морьд нэлээн тарж уралдав уу гэсэн дүгнэлттэй л байна.
Б.ОТГОНСЭЛЭНГИЙН СААРАЛ ТҮРҮҮЛЛЭЭ
Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 220 хурдан буян бүртгүүлснээс түрүү магнайд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат уяач Б.Отгонсэлэнгийн хурдан саарал ажнай орж ирж, торгон жолоо өргүүллээ. Хурдан саарал нь өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд соёолон насанд мөн түрүүлж, улсын наадмын түрүү авч байжээ.
Аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат уяач н.Баттөгсийн хурдан загал орлоо. Гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Г.Баярцогтын хээр, дөрөвт Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Т.Мөнхбаярын хээр, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн хул хурдалж, наадамчин олноо баясгалаа.
Их насны морьд 25 км зайд уралдлаа.