Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд азарга унаж уралдсан, Б.Баттөгөлдөр хүү уралдааны үеэр азарганаасаа унах гэж байсан унаач хүүг түшиж, буцаан азарганд нь суулгаснаар бэртэж гэмтэхээс сэргийлж чадсан нь олны хайрыг татаад буй.
Болсон үйл явдлын талаар Б.Баттөгөлдөр хүү “Миний морь түрүүлж давхиж байгаад замд суучихсан юм. Гэтэл тэр хүүхэд хажуу талаар азаргатайгаа ширүүн гарсан. Удалгүй тэр азарганы явдал удаашраад миний унаж явсан азарга давхиж явах үедээ зоог нь мөргөхөд унаач хүүхэд нь ойчих дөхөхөөр нь би түлхтэл ашгүй уналгүй, азаргандаа буцаад суучихсан. Үе тэнгийн унаач хүүг мориноос унахаас сэргийлж, аварч чадсандаа баяртай байгаа” гэлээ.
Тэрбээр 13 настай, долоо дахь жилдээ морь унаж буй аж. Өнөө жил азарганы уралдаанд найм дээр давхиж яваад хүүг унахаас сэргийлж, түшиж аюулгүй болгоод өөрөө ард нь үлдэн, 11 дүгээр байрт оржээ.
Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадамд даага унаж, гуравт хурдлуулж байсан бол 2021 оны бүсийн наадамд хөл нь доголсон мориныхоо амыг татсаар байсан ч хурдалсаар дөрөвт орж ирж байсан нь хамгийн гоё мэдрэмж үлдээсэн гэж Б.Баттөгөлдөр хүү хуучиллаа.
Холбоотой мэдээ