Уимблдоны шилдэг найман тоглогчид шалгарлаа

Уимблдоны шилдэг найман тоглогчид шалгарлаа

Уимблдоны шилдэг найман тоглогчид шалгарлаа

Талбайн теннисний 2023 оны гурав дахь Их Дуулгын зүлгэн дээрх тэмцээн “Уимблдон” Английн нийслэл Лондон хотноо үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн тэмцээний эхний тойргийн зарим нэг тоглолтууд цаг агаарын улмаас хойшилсон нь тамирчид болон зохион байгуулагчдыг тун хэцүүхэн нөхцөлд байдалд оруулсан. Гэсэн ч дөрөвдүгээр тойргийн тоглолтууд Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө (2023.7.10) явагдаж шөвгийн наймд тоглох теннисчид тодроод байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн чансаанг тэргүүлэгч Испанийн К.Алкараз Италийн М.Берриттиниг 3:6, 6:3, 6:3, 6:3 аар хожив. М.Берриттини нь өмнөх тойрогт А.Зверевийг хожоод байсан юм. К.Алкаразын шөвгийн наймын учраа нь Данийн залуу теннисчин [6] Х.Рүне байх юм. Х.Рүнегийн хувьд дөрөвдүгээр тойрогт Болгарын [21] Г.Димитровыг 3:6, 7:6, 7:6, 6:3 аар хожсон. Тус хоёр тамирчин өмнө нь хоорондоо нэг удаа учраа тааран тоглоход Х.Рүне ялалт байгуулж байсан бөгөөд энэ удаагийн тоглолт тун сонирхолтой болох нь дамжиггүй биз ээ. ОХУ-ын тамирчин [3] Д.Медведев дөрөвдүгээр тойрогт Чехийн залуу тамирчин И.Лехечкатай тоглон 6:4, 6:2 ын харьцаатай тоглолтыг хошуучилж байх явцад И.Лехечка гэмтэл аван тоглолтыг дундаас нь зогсоон Д.Медведевт ялалт өгөв. Д.Медведев нь шөвгийн наймд Грекийн [5] С.Циципасыг таван сэтэнд 3:6, 7:6, 3:6, 6:4, 6:4 ын харьцаатай хожсон АНУ-ын теннисчин К.Еүбэнкстай тоглоно.

Тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга, 5 дугаар сард Францад зохиогдсон Ролан Гарросын аварга Сербийн домогт теннисчин [2] Н.Жокович дөрөвдүгээр тойрогт Х.Хүркашыг 7:6, 7:6, 5:7, 6:4 ийн харьцаатай хожив. Тус тоглолт үргэлжилж байх явцад цаг агаараас шалтгаалан хойшилсон бөгөөд хоёр өдөр дамжин тоглосон юм. Тоглолтын дараа Н.Жокович хэлэхдээ “Хүркашын давуулалт нь үнэхээрийн хүчтэй, таамаглахын аргагүй байсан нь надад үнэхээр хүнд байлаа. Сүүлд хэзээ ингэж эвгүй нөхцөл байдалтайгаа теннис тоглосноо санахгүй байна. Бид хоёрын хэн нь ч хожиж магадгүй байсан. Гэхдээ би анхаарлаа сайтар төвлөрүүлж ялалт авч чадлаа” гэв. Түүний дараагийн шатны өрсөлдөгч нь ОХУ-ын теннисчин [7] А.Рублёв байх юм. А.Рублёв нь дөрөвдүгээр тойрогт Казахстаны тамирчин [23] А.Бубликийг таван сэтэнд 7:5, 6:3, 6:7, 6:7, 6:4 ийн харьцаатай хожсон юм. Италийн теннисчин [8] Я.Синнер дөрөвдүгээр тойрогт Колумбын теннисчин Д.Галаныг 7:6, 6:4, 6:3 ын харьцаатай хожсон бол түүний шөвгийн наймын учраа нь ОХУ-ын теннисчин Р.Сафиуллин байх юм. Тэрбээр өмнөх тойрогтоо [26] Канадын Д.Шаповаловыг 3:6, 6:3, 6:1, 6:3 харьцаатай хожсон байна.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч Польшийн Ига Швиантек Украйны Е.Свитолинатай шөвгийн наймд учраа таарав. И.Швиантек дөрөвдүгээр тойрогт Швейцарийн [14] Б.Бенчичийг 6;7, 7:6, 6:3 ын харьцаатай хожив. Е.Свитолинагийн дөрөвдүгээр тойргийн учраа нь Беларусын [19] В.Азаренка байсан бөгөөд түүнийг 2:6, 6:4, 7:6 ын харьцаатай хожсон юм. Беларусын [2] А.Сабаленка дөрөвдүгээр тойрогт ОХУ-ын теннисчин Е.Александроваг 6:4, 6:0 оор хожсон бол АНУ-ын [25] М.Кийз ОХУ-ын 16 настай теннисчин М.Андрееваг 3:6, 7:6, 6:2 оор тус тус хожин шөвгийн наймд хоорондоо учраа таарлаа.

Тус тэмцээний өнгөрсөн оны аварга Казахстаны теннисчин [3] Е.Рыбакина Бразилын [13] Б.Хаддад Маиатай учраа таарсан ч тоглолтын харьцаа 4:1 байх үед Бразилын теннисчин гэмтлийн улмаас үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсноор Е.Рыбакина дараагийн шатанд шалгарав. Түүний өрсөлдөгч нь өнгөрсөн жилийн Уимблдоны шувтаргын тоглолтонд таарсан Тунисын теннисчин [6] О.Жабеүр байх юм. О.Жабеүр дөрөвдүгээр тойрогт Чехийн [9] П.Квитоваг 6:0, 6:3 ын харьцаатай хожив.

АНУ-ын теннисчин [4] Ж.Пегүла Украйны Л.Цуренког 6:1, 6:3 аар хожин шөвгийн наймд шалгарсан бол Чехийн тамирчин М.Вондроусова өөрийн орны тамирчин [32] М.Боузковаг 2:6, 6:4, 6:3 харьцаатай хожиж Ж.Пегүлатай тоглох юм. Шөвгийн наймын тоглолтууд Улаанбаатарын цагаар өнөөдөр (2023.7.11) 20 цагаас явагдаж эхэлнэ.

Г.Хантулга
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж