Б.Пунсалдулам: Сурын харваа хатуужил, ёс зүй суулгадаг

Хуучирсан мэдээ: 2023.07.11-нд нийтлэгдсэн

Б.Пунсалдулам: Сурын харваа хатуужил, ёс зүй суулгадаг

Б.Пунсалдулам: Сурын харваа хатуужил, ёс зүй суулгадаг

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн Үндэсний их баяр наадмыг угтан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат, Улсын даян мэргэн харваач Б.Пунсалдуламтай ярилцлаа.


-Сайн байна уу. Сайхан наадаж байна уу та?

Сайн, сайн байна уу. Сайхан наадаж байна.

-Анх хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Үндэсний сурын спортоор 2003 оноос хойш хичээллэж байгаа. Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд сур харваагаар хичээллэдэг байсан тамирын багш Н.Ууганзаяа сурын дугуйлан хичээллүүлж эхэлснээр уг дугуйланд хамрагдаж байсан. Улсын баяр наадамд 2010 оноос хойш буюу 13 дахь жилдээ харваж байна.

-Олон жил сур харваагаар хичээллэж байгаа юм байна. Аймаг сумын наадамд оролцож эхэлсэн байх. Хамгийн анх хэдэн сум онож байв. Анхны амжилтаа дурдвал?

-2010 оноос хойш гэхээр 12 жилийн турш тасралтгүй наадамд оролцож, хоёр удаа түрүүлж, хоёр удаа улсын аварга болж байлаа. Наадамд дөрвөн удаа эхний тавд буюу хоёроос дөрөвдүгээр байрт шалгарч байв. Анхны тэмцээн 2003 оны хавар аймгийн аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнд орсноор эхэлж байсан. Уг тэмцээнд төдийлөн амжилт гаргаагүй. Хэдий тийм ч маш тууштай бэлтгэлээ хийсэн. Ээж, аав маань дэмжиж спортын мастер н.Бямбаа багшаар нум сум сонгуулж авч өгч байсан. Тэр жилийн наадмаар Өвөрхангай аймгийн өсвөрийн тэмцээнд түрүүлсэн. Анхны амжилт гэвэл тэр л байна даа. Хэдэн сум онож байснаа санахгүй байна.

-Таны удамд сур харваач байдаг уу. Сур харваагаар хичээллэж эхлэхэд гэр бүлийн зүгээс хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Манай удамд бол сур харвадаг хүн байхгүй. Хань маань, хадам аав, мөн манай дүү сур харвадаг. Дүү маань Улсын тод харваач цолтой. Аав маань намайг сур харваанд хөтөлж оруулсан. Жүдогоор хичээллэж байсан боловч, өндөр учраас амжилт үзүүлэхгүй байх гэж байсан.

-Даян мэргэн цол хүртсэн наадам таны оролцсон хэд дэх удаагийн наадам байв. Тухайн үеийн сэтгэгдлээ хуваалцвал?

-12 дахь удаагийн наадам байсан. Улсын баяр наадмаар 40 сумнаас 38 сум онож, цолоо бататгасан нь үнэхээр сайхан мөч байсан.

-Сур харваагаар хичээллэснээр танд ямар өөрчлөлт авчирсан бэ. Тэвчээртэй болдог гэдэг ч юм уу?

-Тийм шүү. Сурын харвааг эртнээс тэсвэр тэвчээр, хатуужил, ёс зүй суулгадаг хэмээдэг. Зан чанарын хувьд даруу төлөв байх гэх мэт олон давуу талтай.

-Таныг шантрахад, унахад, босоход хамгийн их дэмждэг хүн хэн бэ?

-Ханьтайгаа тэмцээн уралдаанд хамтдаа оролцож, бүхий л зүйл дээр зөвлөж, ярилцаж, нэг нэгнийгээ дэмждэг. Мөн дүүтэйгээ болон багштайгаа ярилцаж, алдаа оноогоо дэнсэлдэг.

-Өмнөх жил Даян мэргэн цол хүртэхэд нөлөөлсөн зүйл юу вэ. Хэдий хугацаанд бэлдсэн бэ?

-Бэлтгэлийн хувьд гэвэл өмнө жилийн дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй бэлдсэн. Ажлынхаа хажуугаар, мөн амралтын өдөр зав л гарвал бэлддэг байсан. Энэ жилийн бэлтгэлийн тухайд Өвөрхангай аймгийн Их Монголын харвуул харваачдын нэгдсэн холбоо 20 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр бэлдсэн. Улаанбаатар хотод байгаа Өвөрхангай аймгийн харваачид улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө буюу зургаадугаар сарын 21-нд бэлтгэлдээ гарч, наадмын өмнө бэлтгэлээсээ буусан. Баг багаараа, нутаг нутгаараа наадмын өмнө гал болоод бэлтгэл сургуулилтаа базаадаг. Үүний нэгэн адил манай Их Монголын харвуул харваачид хамтдаа бэлтгэлээ хийсэн.

-Таны хань харваач гэлээ. Сур харвааны бэлтгэл эсвэл наадмын үеэр танилцаж байв уу?

-Сурын зурхай дээр танилцаж байсан. Хань маань улсын баяр наадамд нэг удаа айрагдаж, урианхай сурын харваанд нэг удаа түрүүлж байсан. Урианхай сурын мэргэн, үндэсний сурын аймгийн мэргэн спортын цолтой харваач.

-Сур харваагаар амжилт үзүүлэхэд нөлөөлсөн хүн бол таны багш байх. Багшийнхаа талаар яривал?

-Хөвсгөл аймгийн уугуул, үндэсний сурын холбооны хүндэт мэргэн спортын мастер Б.Жалбааи гэж хүн бий. Манай багш бол зөвхөн үндэсний сурын харваагаар хичээллэхээс гадна олон жил шагай харваагаар хичээллэсэн, шагай харвааны харьшгүй мэргэн цолтой. 1964, 1968 оны өвлийн олимпод тэшүүрийн төрөлд эх орноо төлөөлж оролцож байсан.

Мөн гранд мастер олон улсын тэмцээнд оролцож байсан мундаг хүн байдаг. Багшаасаа маш их зүйлийг сурч авч байлаа.

-Бөх үзэх дуртай гэсэн шүү дээ. Энэ жилийн наадмаар хэн гэдэг бөхийг дэмжиж байна?

-Аав маань залуудаа барилддаг байсан. Сумандаа гурав түрүүлсэн заан цолтой хүн байдаг. Аавтайгаа хамт наадамладаг байлаа. Энэ жилийн наадамд нутгийнхаа бөхийг дэмжинэ. Сайн барилдаж цолоо нэмээсэй гэж ерөөж байна. АПУ компанийн улсын цолтой бөх найзуудыгаа дэмжиж байна даа.

-Та Өвөрхангай аймгаас төрсөн анхны даян мэргэн цол хүртсэн харваач уу?

-Тийм. Өвөрхангай аймгийн анхны даян мэргэн цолтой харваач.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Ярилцлага өгсөнд баярлалаа. Сайхан наадаарай.

-Баярлалаа. Нийт монголчууддаа ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын мэнд дэвшүүлье. Морь нь хурдан, сум нь мэргэн, бөх нь хүчтэй байх болтугай.

Ж.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж