Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн баяр наадмын нээлт өнөөдөр /2023.07.11/ болж байна. Зөвхөн эх орондоо байгаа төдийгүй дэлхийн бусад улс оронд тархан суурьшиж байгаа монголчууд ч үндэсний их баяр наадмаа хүндэтгэлтэйгээр хийдэг уламжлалтай. Тиймээс гадаадад байгаа монголчууд баяр наадмаа хэрхэн тэмдэглэж байгаа мэдээг тоймлон хүргэж байна.
ЧИКАГО ХОТ ОРЧМЫН МОНГОЛЧУУД “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” СЭДВИЙН ДОР ӨРГӨН ДЭЛГЭР НААДАВ
АНУ-ын Чикаго хот орчимд амьдарч буй монголчууд үндэсний баяр наадмаа "Монголыг нэг өдөр 2023” сэдвийн дор 2023 оны долдугаар сарын 9-ний өдөр өргөн дэлгэр, ёслол төгөлдөр зохион байгуулжээ. Наадмын үйл ажиллагааг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Түвшинтөгсийн Батцэцэг нээж, наадамчдад мэндчилгээ дэвшүүлэв. Баяр наадмын нээлтийн ёслолд Эзэн богд Чингис хааны Цагаан Сүлд тугийг Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, Дэлхийн самбо бөхийн мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын 5 удаагийн аварга, олон улсын хэмжээний спортын мастер, Монгол Улсын начин Шаравын Дорждамба, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн Дэлхийн хошой аварга, Монголын анхны эмэгтэй гавьяат тамирчин Самбуугийн Дашдулам, Увс аймгийн Түргэн Сумын харьяат, чөлөөт бөхийн спортын мастер Монгол Улсын начин Авирмэдийн Эрхэмбаяр, Эзэн Богдын эш хөргийг Увс аймгийн Тэс сумын харьят, аймгийн заан Цэдэндоржийн Төгсжаргал, Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын Дэд консул Цэдэн-Ишийн Ганзориг, Завхан аймгийн Улиастай сумын харъяат, Чикаго хот орчмын Монголчуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, "Прогресс Фрэйт" компаний захирал, сумын заан Аръяабазарын Амарбаяр нар залсан байна.
Тус наадамд хүчит 64 бөхийн барилдаан, Дээлтэй монгол өдөрлөг, шагайн харваа, хүүхдийн барилдаан, шатрын тэмцээн зэрэг болсон байна.
Ёслол төгөлдөр болсон нээлтийн ажиллагааг СТА Ш.Баасан найруулж, СТА Г.Эрдэнэчимэг, “Монгол Энтертаймент”-ын бүжигчид, жүжигчин Х.Баярмаа, Десант болон АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид буюу ҮДБЭЧ-ын хөгжимчид, Улсын Филарамоний дэргэдэх “Морин хуур” чуулгын хуурчид болон морин хуурч, хөөмийч Б.Отгонбаатар багштай “Хуурчийнхан” сургалтын төвийн сурагчид, МУСТА А. Даваазориг багштай “Гийнгоо” хамтлагийн төвийн сурагчид, нэвтрүүлэгч Ч.Энхтөрмэнд зэрэг 50 гаруй уран бүтээлчид оролцож, нээлтийн урлагийн тоглолтыг наадамчин олондоо хүргэлээ. Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас Киргиз улсаас Чикаго хотод суугаа Ерөнхий консул Б.Борбиев, Иллинойс мужийн Баффало Гроув хотын дарга Э.Смит, менежер Д.Брагг, Дупэйж дүүргийн аялал жуулчлалын албаны Гүйцэтгэх захирал Б.Марчитти, "Ази-Америкийн хуулийн зөвлөл"-ийн тэргүүн М.Шан зэрэг ойр дотно хамтран ажилладаг гадны зочдыг урьж оролцуулав.
БНПУ-ЫН ВАРШАВ ХОТОД “МОНГОЛ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын ивээл доор “МОНГОЛ НААДАМ”-ыг Польш дахь Монголчуудын холбоо Польшийн Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд зургадугаар сарын 17-нд зохион байгуулсан байна. “МОНГОЛ НААДАМ”-ын нээлтийн арга хэмжээнд Варшав хот, Повшин цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд болон албаны зарим хүмүүс Польшийн талаас уригдан оролцжээ.
“МОНГОЛ НААДАМ” нь Монгол, Польш хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж буй энэ үед хоёр ард түмнийг ойртуулах, монголчуудын уламжлал соёлыг Польшид танилцуулахад чиглэсэн ээлжит чухал алхам болж байгааг Элчин сайд Б.Дорж хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.
Монгол Улсын ЭСЯ наадмын талбайд монгол гэр барьж, хүндэт зочдыг хүлээж авсан бөгөөд Монгол гэрийн танилцуулга, 2023 онд жуулчдад зориулан Монгол Улсад зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн танилцуулгыг хийв. Польш иргэд наадмын талбайд барьсан гэр, майхнуудаар орж монгол соёл, ёс заншилтай танилцав. “МОНГОЛ НААДАМ”-ын хөтөлбөрийн дагуу үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, хүүхдийн зургийн уралдаан, шатрын тэмцээн, монгол хувцасны загвар үзүүлбэр, монголчуудын парад, үзэсгэлэн худалдаа, монгол хоолны үйлчилгээ зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус улсад болсон Үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн Начин О.Пүрэвбаяр түрүүлж, Польшийн Радом хотын их сургуулийн хэлний бэлтгэлийн оюутан Г.Батсайхан үзүүрлэжээ.
Холбоотой мэдээ