МЭЗЧ 2023: “Монголын эдийн засаг хөрөнгө оруулагчдын нүдээр”

Хуучирсан мэдээ: 2023.07.11-нд нийтлэгдсэн

МЭЗЧ 2023: “Монголын эдийн засаг хөрөнгө оруулагчдын нүдээр”

МЭЗЧ 2023: “Монголын эдийн засаг хөрөнгө оруулагчдын нүдээр”
2023 оны долоодугаар сарын 10. Монголын эдийн засгийн форум 2023 болж байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

2010 оноос зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа хойш хамгийн өргөнд хүрээнд буюу гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын нийт 2200 орчим зочид, төлөөлөгчийг урьж оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган 2023” долоодугаар сарын 9, 10 -нд амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил “Welcome to Mongolia” уриан дор өрнөсөн Эдийн засгийн чуулганы үеэр Рио Тинто компанийн ТУЗ -ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд хүрэлцэн ирснээс гадна JP Morgan, CITI, Goldman Sachs, Morgan Stanley зэрэг дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид тэргүүтэй 500 гаруй гадаадын хөрөнгө оруулагчид Монголд зочилж буйгаараа онцлог байв. Мөн нэгдсэн болон салбар хуралдааны сэдвүүд цаг үеэ олсон, хөрөнгө оруулагчдын сонирхож буй асуудлуудад нарийн төвлөрч чадсан нь хоёр өдрийн турш үргэлжилсэн чуулганы ач холбогдлыг нэмэгдүүлж байв. Энэ талаар Рио Тинто компанийн удирдлагын зүгээс “Монголын эдийн засгийн чуулган 2023” -ыг үр дүнтэй болж, дараа дараагийн хөрөнгө оруулагчдыг амжилттай татахад томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

“Бид бэлэн…”

Долоодугаар сарын 10 буюу чуулганы хоёр дахь өдрийн үйл ажиллагаа Монгол Улсын шадар сайд Ч.Хүрэлбаатарын илтгэлээр эхлэв. Уг илтгэлдээ тэрбээр Монголын эдийн засгийн өнөөгийн дүр зураг, сэргэлтийг илтгэх голлох тоон үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тухайлбал, 2012-2022 оны хооронд  манай улсын эдийн засаг дунджаар 5.1 хувийн өсөлттэй байсан нь дэлхийн 196 улсаас 11 -т эрэмбэлэгдэх шалтгаан болсныг дурдаад энэ бүхэн цаашид ч бидэнд боломж их бий гэдгийг харуулж байна хэмээн дүгнэв. Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын экспортын хэмжээ тасралтгүй өсөж, өдгөө 12.5 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс гадна 2022 онд ДНБ -ий хэмжээ цар тахлын өмнөх үеийнхээс давсны зэрэгцээ оргил үедээ 16.2 хувьд хүрээд байсан инфляцын төвшин буурч, цаашид ч үргэлжлэх хандлагатай байгаа бөгөөд сүүлийн таван жилийн турш манай улсын зээлжих зэрэглэл тогтвортой хэвээр буйг онцлов. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, худалдааны бодлогыг хэрэгжүүлж, нэг цонхны үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг байгуулж, үйл ажиллагааг нь дахин сэргээсэн таатай мэдээг дуулгалаа.

Шадар сайд Ч.Хүрэлбаатар илтгэлийнхээ үеэр банк, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах боломжтойг дурдаж байв. Тэр дундаа, банкны салбарын хөгжлийг улам эрчимжүүлж, урагш чиглэсэн томоохон алхам хийх үүднээс монголчууд банкны салбарын үүд хаалгаа гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө бүрэн нээж байгааг зарласан юм. Тодруулбал, төлөөлөгчийн газраа нээх, салбар нэгжээ байгуулах, тусгай зөвшөөрлийн хүрээнд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах, цаашлаад арилжааны банкнууд нээлттэй компани болсон тул хувьцаа эзэмшигч болох замаар банк, санхүүгийн салбарт тодорхой оролцоотой ажиллах хууль, эрх зүйн орчин бүрэн бүрдсэнийг онцлов.

Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж, хөрөнгө оруулалтын аливаа үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалтуудыг зогсоож, цөөнгүй өөрчлөлт оруулсан талаараа ч дурдаад амжив. Үүнтэй холбоотойгоор Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл ч байгуулагджээ. Хамгийн онцлууштай нь, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагуудын чиг үүрэгт тусгасан байна.

Эрчим хүчний шилжилт хэмээх төв цэг

Энэхүү илтгэлийн дараа Рио Тинто компанийн ТУЗ -ийн дарга Доминик Бартон индэр дээрээс монголоор мэндчилснээр өөрийн илтгэлээ эхлүүллээ. Юуны түрүүнд, тэрбээр энэ оны гуравдугаар сард Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн түүхэн үйл явдлын дараа хөрөнгө оруулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд ирсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол бол маш баялаг түүхтэй, ирээдүйд  асар ихийг хийж бүтээх нөөц бололцоотой улс. 2009 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ДНБ -ээ бараг хоёр дахин өсгөж чадсан байна. Харин одоо Монгол Улс олон улсад байр сууриа улам бэхжүүлж, эдийн засгийн хөгжлөө нэмэгдүүлэхийн тулд дэлхийн чиг хандлагыг тодорхойлж буй томоохон хүчин зүйлсийн нөлөөг ойлгох нь чухал” хэмээн тэр хэлж байна.

Ингээд үргэлжлүүлэн “Яг одоо биднийг чуулж байх энэ цагт дэлхийд асар том өөрчлөлт өрнөж байна. Энэхүү өөрчлөлтийг тодорхойлж буй хүчин зүйлсийн төв цэгт эрчим хүчний шилжилт оршиж буйг дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ирэх таван жилд сүүлийн 20 жилийнхтэй дүйцэхүйц хэмжээнд нэмэгдэж буй талаарх Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаанаас харж болно. Тус агентлаг 2040 он гэхэд дэлхий даяар никелийн үйлдвэрлэлийн хэмжээгээ 2020 оныхоос 19, харин литийн үйлдвэрлэлийг 42 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдээлсэн” гэлээ.

Өнгөрсөн 100 мянган жилийн хугацаанд хүн төрөлхтөн 700 сая тонн зэс олборлож, боловсруулсан бол  ирэх 25 жилд дэлхий дахинд нүүрсхүчлийн хийн ялгарал шингээлтийн харьцааг тэглэж, ДНБ -ий 3.5 хувийн өсөлтийг хангахын тулд 700 сая гаруй тонн зэс шаардлагатай болох аж. Рио Тинто компани Оюу толгой төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан ч уг алсын хараатай холбоотой.

2023 оны долоодугаар сарын 10. Монголын эдийн засгийн форум 2023 болж байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Дэлхийн дөрөв дэх том зэсийн тоглогч 

Монгол орны зэс болон байгалийн бусад баялгийг орчин үеийн дэвшилтэт технологитой зөв хослуулж чадвал эрчим хүчний шилжилт, хурдацтай өрнөж буй технологийн хөгжлөөс үр шим хүртэх боломж монголчуудын өмнө бий.

Доминик Бартон 2030 он гэхэд Оюу толгой дэлхийн дөрөв дэх том тоглогч болох төлөвтэй байгааг онцлоод уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд цаашид ч хөрөнгө оруулалт хийсээр байна гэдгээ тодотгож байв. 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл Рио Тинто компани Оюу толгой төслийн хүрээнд нийт 15.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. 2021 оны байдлаар Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 10 ам.доллар тутмын 7 нь Оюу толгой төсөлтэй холбоо байв. Мөн 2010-2022 оны хооронд нийт 8.8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсөн бөгөөд өнгөрсөн оны байдлаар 567 үндэсний компанитай хамтран ажиллаж буйгаа мэдээлсэн байдаг. Үүгээр зогсохгүй 20 мянга гаруй хүн Оюу толгой  төсөлд хувь нэмрээ оруулан ажиллаж буйн 97 хувь нь монголчууд, үүнээс удирдлагын багийн 90 хувийг мөн л монголчууд дангаар бүрдүүлж байна.

Гэхдээ Рио Тинтогийн хувьд хөрөнгө оруулалт зөвхөн мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй аж. Өөрөөр хэлбэл, Рио Тинто компани хүнийг үнэт капитал хэмээн үзэж, ажилтнуудаа тогтмол хөгжүүлж, ур чадварыг нь сайжруулдаг байнга анхаарсаар иржээ. Үүнтэй холбоотойгоор тус компани 2011 оноос хойш Оюу толгойн боловсролын хөтөлбөрүүдэд 3,800 гаруй оюутан, сурагчийг хамруулснаас гадна ШУТИС -тай байгуулсан түншлэлийн хүрээнд Монголын анхны “Геотехникийн чулуулгийн лаборатори” -ийг байгуулсан юм. Уг лаборатори Монгол Улсын дээд боловсролын салбарт хувийн компаниас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалтад зүй ёсоор тооцогдоно.

Мөн Рио Тинто компани нийгмийн хариуцлагын хүрээнд соёлын өв, байгаль орчин, боловсролыг дэмжсэн томоохон төслүүд хэрэгжүүлсээр ирсэн юм. Хамгийн сүүлд олон нийтийн анхаарлыг татаад буй “Паркаа хамтдаа бүтээе” төсөл бол тэдгээрийн зөвхөн нэг хэсэг. Үүнээс гадна соёлын өвийг нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “Өв Соёл” театрыг Соёлын өвийн үндэсний төв, “Монголын Урлагийн Зөвлөл” ТББ-тай хамтран байгуулаад буй.

2023 оны долоодугаар сарын 10. Монголын эдийн засгийн форум 2023 болж байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

“Зэсийн орд бол өвсөн дундаас зүү хайхтай адил”

Рио Тинто компанийн төлөөлөгчид “Монголын эдийн засгийн чуулган-2023” -т үндсэн хуралдаанаас гадна салбар хуралдаануудад панелистаар оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, “Ирээдүйн хөгжил – Газрын ховор элемент, зэс, уран” салбар хуралдааны үеэр Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд “Ирэх 10 жилд дэлхий дахинд зэсийн эрэлт хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа. Цахилгаан машинд 76 кг зэс ашиглагддаг бол бидний ашигладаг дотоод шаталтат хөдөлгүүртэй машинд 26 кг зэс ашиглагддаг. Энэ утгаараа дэлхийн зах зээл өөрөө зэсийн нэмэлт нийлүүлэлт шаардаж буй энэ цаг үед Оюу толгой бол хамгийн цагаа олсон төслүүдийн нэг. Бид 150 мянган тонн зэсийн олборлолтоо 500 мянган тоннд хүргэх бүрэн боломж бий. Рио Тинто компанийн зэсийн портфолиогийн хувьд гүний уурхайн төслүүд жин дардаг. Тиймээс Монголд бэлтгэгдэж буй гүний уурхайн мэргэжилтнүүд маань ирээдүйд Рио Тинтогийн дэлхий даяар хэрэгжүүлж зэсийн томоохон төслүүдэд гар бие оролцон ажиллах боломжтой” хэмээн онцолсон юм. Түүний үзэж буйгаар монголчууд өмнөх алдаанаасаа суралцаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин татахын тулд хайгуулын салбарын үйл ажиллагаагаа боловсронгуй болгож, геофизикийн судалгаандаа сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан, бүрэн гүйцэд хийх, лиценз олголтын реформыг зоригтой хийх шаардлагатай аж. Учир нь “Зэсийн орд илрүүлэх бол өвсөн дундаас зүй хайхтай адил амаргүй, маш нарийн процесс” хэмээн тэрбээр тодотгов.

Харин “Шинэ ирээдүй – шинэ боломж” нэгдсэн хуралдааны үеэр JP Morgan компанийн Хөрөнгө оруулалтын банк, Технологи, Хэвлэл мэдээлэл, Харилцаа холбоо Групп компанийн олон улс хариуцсан тэргүүн бөгөөд гүйцэтгэх захирал Женнифер Нейсон “Харин Оюу толгой төсөл бол зөвхөн зэс олборлох уурхай биш, Монгол Улсын чадамжийг илтгэх томоохон төсөл. Энэхүү төслийг олон талын ур чадвартай боловсон хүчин, өндөр төвшний гүйцэтгэл, дэлхийн хэмжээний үйл ажиллагааны үр дүн гэж хэлнэ. Тиймээс Монгол Улс бол энтрепренер орон” хэмээн тодорхойлсон нь анхаарал татсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж