Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын Агваш арлын орчимд өчигдөр /2023.07.10/ аянга бууж зэгсний түймэр гарчээ. Уг асуудлыг орон нутгийн ОБЕГ-т мэдэгдэж, байгаль хамгаалагч болон тухайн багийн дарга нар түймэр гарсан газрын нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ хийхээр явсан байна.
Одоогоор урьдчилсан үнэлгээг хийж байгаа бөгөөд нөхцөл байдлыг байгаль хамгаалагчдаас гадна Онцгой байдлын алба хаагчид дүгнэхээр ажиллаж байгаа аж.
Баяр наадмын өдрүүдэд 21 аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаадын албан хаагчид байнгын бэлэн байдалд эргүүл хийж хяналт тавин ажиллаж байна.
Монголын том нууруудын нэг Хар-Ус нуур нь 1153 км.кв талбайтай, 72 км урт, 26 км өргөн, эргийн урт 306,8 км, дундаа аралтай урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Тус нуурын байгалийн цогцолборт газрын тогтоцыг судлаачид гайхамшигтай гэж үздэг бөгөөд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулстай. Гэвч тус нуурын эргэн тойронд хүн ам, малын тооны улмаас усны бохирдол, бэлчээрийн даац хэтрэх зэрэг асуудал гарч эхэлжээ. Ямартай ч байгалийн үзэгдлээс учирсан хохирол болоод эрсдэлийн үнэлгээг албаныхан хийх аж.
Тиймээс тус бүсэд зорчих иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол авч, үер усны аюулаас сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ