НЭМЭЛТ:
Хурдан морины салбар комисс шийдвэрээ эргэн харснаар Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн хар шүдлэн түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэнг аман хүзүүдсэн гэж шийдвэрлэжээ.
Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар "Манай салбар хороо хуралдаж, шүдлэнгийн уралдааны шийдвэрийг гаргалаа. Бид барианд орж ирж буй морьдын бичлэгийг нягталж үзээд асуудлыг шийдсэн. Үүнийг хоёр уяач хоёулаа хүлээн зөвшөөрсөн. Амдаж давхисан маягтай харагдсан учраас морь бариачийн буруу байна. Санаатай үйлдэл биш гэж өөрөө хэлсэн. Гэхдээ шарга морийг тосож аваад барианд оруулж байгаа мэтээр нийтэд харагдсан. Ингээд зөв талаар нь хар үрээ орсон. Шарга үрээний эзэн З.Мэндсайхан татгалзсан өргөдлөө өгсөн. Энэ бүгдийг үндэслэн аман хүзүүдсэн уяач Э.Улаанхүүгийн шүдлэнг түрүүлүүллээ” гэж тайлбарлав.
З.МЭНДСАЙХАН: БИ ШҮДЛЭНГИЙН АМАН ХҮЗҮҮГЭЭ АВНА
НЭМЭЛТ: 10.30 цаг:
Хүй мандлын дэвжээнээ өчигдөр /2023.07.10/ 75 шүдлэн гарааны зурхайгаас хөдөлж, тоосоо өргөсөн ч маргаан дагуулаад буй. Учир нь, түрүүлж давхин ирсэн хоёр шүдлэнг зурхайд орж ирэхээс өмнө морь бариач урдуур нь хөндөлсөж, хар шүдлэнгийн өмнүүр орж, хаасан юм. Гэвч Морины комисс Манлай уяач З.Мэндсайханы шарга үрээ түрүүлж, хоёрт Сонгинохайрхан дүүргийн уяач Б.Пунцагбалжирын хар үрээ, гуравт Архангай аймгийн уяач Ч.Энхбатын сартай хүрэн, дөрөвт, Говь-Алтай аймгийн харьяат Г.Жавхлантөгсийн хээр үрээ, тавд Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын буган халтар үрээ тус, тус хурдаллаа гэж танилцуулсан юм. Наадамчин олон Морины комиссыг шийдвэрээ эргэн харахыг сануулж, “Ардын морь түрүүлж болдоггүй наадам уу. Хэрэв энэ шийдвэрийг Ерөнхийлөгч ёсчилбол нэгийгээ үзнэ” гэцгээн байр сууриа илэрхийлж буй.
Морины комиссын шийдвэрээр түрүүнд хурдалсан гэж зарласан шарга үрээ нь Хүнс хөдөө аж ахуйн сайд асан З.Мэндсайханых юм.
Харин сайд асан З.Мэндсайхан твиттер хуудсандаа “Баяр наадмын мэнд ээ, төрийнхөө наадамд 13 дахь жилдээ хүлгийн тоосоо өргөж байна. Морь бариач зурхайд орсны дараа очих ёстой, Төрийнхөө наадамд хүлэг морьдоо уралдуулах нь сайхан. Унаган хүлгийг маань унаж хурдлуулсан хүүхэд, уяа сойлго тааруулсан уяачдаа баярлалаа. Хурдан морьны салбар хороон дарга Ганхуягт бичлэг дахин нягталж өгнө үү гээд хүсэлтээ өгчихлөө. Технологи хөгжсөн өнөө үед морь бариач байх ёстой юу. Дүрэм журамаа эргэж хармаар л юм бн даа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ олон наадмын түрүү аваарай гэж ерөөе. Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа, түрүү энэ хар үрээ, комисс шийдвэрээ эргэж харах байхаа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ төрийн наадмын олон түрүү аваарай гэж ерөөе, хүлэг нь хурдан байг ээ" гэсэн тайлбарыг жиргэжээ.
Тодруулж хэлбэл, Морины комисс шийдвэрээ эргэн харж, зөв шударга шийдвэр гаргах нь чухал болоод байна.
ХҮЙ ДОЛОО: ШҮДЛЭНГИЙН ТҮРҮҮ МАРГААН ДАГУУЛАВ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өчигдөр Хязаалан насны уралдаанаар эхэлсэн юм. Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд 240 шандаст хүлэг бүртгүүлснээс 138 хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлсөн юм.
Хязаалан насны морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулъя.
- Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Д.Жаргалсайханы туулай ланзан тамгатай халтар морь түрүүлсэн. Морийг М.Мянганзул \11 настай\ гэх хүүхэд унасан.
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай группийн ерөнхийлөгч Т.Батсайханы тогоруу халзан аман хүзүүлсэн. С.Билэгбаатар гэх эрэгтэй хүүхэд морийг унасан.
- Булган аймгийн Сэлэнгэ сумын Х.Бөхбатын морь гуравдугаарт давхив. Морийг М.Адистай гэх 13 настай хүүхэд унасан.
- Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум Ц.Дэмбэрэлсайханы морь айрагдсан. Н.Мөнхбат гэх 13 настай хүүхэд унасан.
- Дархан-Уул аймгийн Дархан сум Г.Ариунболдын морь айргийн тавд хурдаллаа. Морийг Т.Баяртүвшин гэх есөн настай эрэгтэй хүүхэд унасан.
Үндэсний их баяр наадмын Шүдлэнгийн уралдаанд 192 шүдлэн бүртгүүлснээс сэрвээний өндрөөр зарим морь хасагдаж, 75 шүдлэн уралдсан байна.
Шүдлэн насны морьдын айргийн таван байрыг танилцуулъя.
- Манлай уяач З.Мэндсайханы шарга үрээ
- СХД-ийн уяач Б.Пунцагбалжирын хар үрээ
- Архангай аймгийн уяач Ч.Энхбатын сартай хүрэн
- Говь-Алтай аймгийн харъяат Г.Жавхлантөгсийн хээр үрээ
- Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын буган халтар үрээ тус тус хурдаллаа.
Жич: Шүдлэн насны морьдын уралдааны түрүү болон аман хүзүү морь барианы зурхайд тун ойрхон давхиж орсон бөгөөд тухайн мөчид "Түрүү магнайд Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хар шүдлэн түрүүллээ" гэж хөтлөгч, тайлбарлагч нар мэдээлсэн. Харин морьд барианд орсны дараа Хурдан морины салбар хорооныхон зураг, бичлэг ухраан үзэж, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэн түрүүлж, магнай аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн уясан, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Б.Пунцагжбалжирын хар шүдлэн орсон гэж үзсэн юм.
Уяач Э.Улаанхүү "Төрийн наадамдаа анх удаа морь мордуулж, аман хүзүүдлээ. Сайхан байна. Хар үрээ маань Дундговь аймгийн Луус сумын унаган адуу. Б.Пунцагбалжирын үрээ. Улсын наадамд анх удаа тоосоо өргөж байгаа шинэ үрээ. Өмнө нь Хатан Туулын хурд, Өмнөговийн зүүн бүсийн наадамд түрүүлсэн. Булганд суманд сунгаагаа хийж байгаад ирсэн. Миний багш Чулуунбадраалтын Гансүх гэж миний ах байсан. Арваадхан настайдаа ахыгаа дагаж морь унаж ирсэн. Төрийн наадамдаа түрүүлээд үнэхээр баярлаж байна" гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
- 9.5.Морьд барианд нэгэн зэрэг орсон бол барианы зурхайд түрүүлж хошуу нь давсан морийг, морьдын хошуу нэгэн зэрэг давсан тохиолдолд зөв талын морийг барих бөгөөд үүнийг дуудагчийн цуваа болон дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан тогтооно.
Шүдлэн морины уралдаанд хар үрээ түрүүлэх байсан ч угтагч урдуур нь орсон, мөн хошуу давсан мөрийг түрүүлсэн тооцдог хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Морины комиссын зүгээс гаргасан шийдвэрээ эргэн харж, дүрэм болон дүрс бичлэгийг харж наадам олондоо бодит мэдээлэл өгөхийг олон нийт шаардаж байна.
Холбоотой мэдээ